ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Америкийн цэргүүдийг Афганистанаас татах болон терроризмтой тэмцэх тухай хэлэлцээрийн төслийг боловсруулжээ. Энэ тухай Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хэд хэдэн үе шаттай хийсэн хэлэлцээ Доха хотод дууслаа. Энх тайван тогтоох нөхцөлүүд сайжирсан. Талууд бүгд дайныг дуусгахыг хүсэж байгаа нь тодорхой. Бид байдлыг хяналтдаа авч, бодит алхмуудыг хийлээ” гэж тэрбээр бичжээ.

"Афганистанд энх тайван тогтооход талибуудын зүгээс терроризмтой тэмцэх баталгаа олгох, АНУ болон тус улсын холбоотнуудын цэргийг гаргах, Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээ хийх, гал бүрэн зогсоох гэсэн дөрвөн асуудлаар хэлэлцээ хийх шаардлагатай байв. Нэгдүгээр сард хэлэлцээ хийхдээ бид энэ дөрвөн асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Сая бид эхний хоёр асуудлаарх хэлэлцээрийн төслийг боловсрууллаа” гэж Халилзад онцлон тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, “цэргүүдийг татах хуваарь, мөн терроризмтой үр дүнтэй тэмцэх хэлэлцээрийн төслийг эцэслэн боловсруулсны дараа Афганистаны сөргөлдөгч талуудын хороонд хэлэлцээг эхлүүлнэ”.

Афганистанд 2001 оны 12 дугаар сард эхлүүлсэн цэргийн ажиллагаа 17 гаруй жил үргэлжилж байгаа билээ.