АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчоо, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Америк Хөгжмийг Гадаадад” хөгжмийн соёлын хөтөлбөрийг энэ тавдугаар сард хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэ жилийн хувьд тус хөтөлбөрийн хүрээнд Нью-Йорк хотын эрч хүчтэй үлээвэр хөгжмийн рок хамтлаг болох “Абердин” хамтлагийг Монголд авч ирэх юм.

“Абердин” хамтлаг энэ 5 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд Улаанбаатар хот болон орон нутагт бие даасан болон Монголын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтууд, уулзалт хэлэлцүүлгүүд, туршлага хуваалцах арга хэмжээнүүдийг явуулах аж.

Тус хамтлаг нь саксфонч, ая зохиогч Брайн Плаутц-аар ахлуулсан таван гишүүн бүхий үлээвэр хөгжмийн рок хамтлаг юм.  Тус хамтлаг нь хоёр саксфонч, нэг гитарчин, нэг басс гитарчин ба нэг бөмбөрчинтэй ба очсон газар бүртээ эрч хүчийг түгээж ирсэн. Хамтлагийн ахлагч Брайн Плаутц нь нэр хүнтэй Берклигийн хөгжмийн коллежоос мэргэжлийн зэрэгтэй бөгөөд нийгмийн сүлжээгээр олон нийтэд их хэмжээгээр түгсэн хөгжмийн видео продакшн болох Апартмент Сешинс, мөн Бродвейн жүжигчидийг цуврал концерт хэлбэрээр толилуулдаг Бродвей Сингс продакшнд тус тус оролцсон удаатай.

Абердин хамтлагийн динамик содон тоглолтууд нь хамтлагийн басс гитарчин Адам Нилигийн youtube.com дэх олны хүндэтгэлийг хүлээсэн хөгжмийн онол ба сургалтын сувагт орсон байдаг.

Тэрээр өөрийн сувгаараа дамжуулан цахим орчин дах хөгжмийн соёл, орчин үеийн хөгжмийн боловсрол ба түүний хөгжил зэрэг сэдвүүдээр гүнзгийрүүлсэн мэдээлэл өгдөг.