АНУ-ын зүүн өмнөд нутгийн муж улсуудад хүчтэй цасан шуурга дэгдсэний улмаас гурван хүн амиа алдаж, олон зуун мянган өрхийн цахилгаан хангамж тасалджээ.

Хойд Каролина муж улсын зарим хэсэгт их хэмжээний цас орсон тул онцгой байдал зарлахад хүрчээ. Автомашин дээр нь мод унасны улмаас нэгэн эрэгтэй харамсалтайгаар амиа алдсан байна.

Мөн дээрх бүс нутаг даяар олон мянган нислэгийг цуцалжээ. Даваа гарагт Хойд Каролина муж улсын захирагч Рой Куперын мэдэгдсэнээр, зарим нутагт ганцхан өдрийн дотор жилд унах нийт хур тунадастай тэнцэх хэмжээний цас орсон аж.

Өмнөд болон Хойд Каролина, Алабама, Теннесси болон Жоржия муж улсад 300 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан байна. “Шуурга цааш эргийн бүс нутгийг чиглэх төлөвтэй байна” гэж Цаг уурын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Майкл Шихтель мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN