Иран, Иракийн хил орчмын нутгаар 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө мэдээлсэн. Анхны байдлаар амь үрэгдэгсдийн тоо 90 гарсан бол одоо 330 болж нэмэгджээ. Энэ тоо ихсэх магадлалтай байна. Гэмтсэн 2530 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байгааг Аль Жазира агентлаг дамжуулав. 

Америкийн Геологийн судалгааны байгууллага газар хөдлөлтийн талаар мэдээлж голомт нь газрын 34 километрийн гүнд байсныг тогтоосон. Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Иранийн Сарпол-и Захаб хотынх оршин суугчид байжээ. 

Газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй цэг дээр Иран оршдог. Ганц жишээ дурдахад 2003 онд тус улсад болсон газар хөдлөлтөд 26 мянган хүн амиа алдаж, бүтэн хот сүйрсэн билээ. 

Аврах багийнхан барилгад даруулсан хүмүүсийг гаргасаар байна.