Дэлхий ертөнц дээр амьдрал анх үүссэн үеийг илтгэх хамгийн эртний ул мөрүүд 3,8 тэрбум жилийн настай. Тухайн үед тив газрууд байсан эсэх эсвэл цэнхэр гараг маань тэр чигтээ усан далай байсан эсэх дээр эрдэмтэд одоог хүртэл маргалддаг. 

Nature сэтгүүлийн 2017 оны 9 сарын 27-ны дугаарт хэвлэгдсэн нийтлэлд амьдрал тэрнээс өмнө үүссэн болохыг батлах олдворын тухай өгүүлсэн байна.

Tsuyoshi Komiya тэргүүтэй Токиогийн их сургуулийн судлаачдын баг 2011-2013 оны туршид Канадын зүүн хойд хэсгийн Саглек хаднуудыг судалжээ. 

Судлаачдын хүч, хөдөлмөр талаар болсонгүй. Тэд нэгэн үед биологийн процессторолцож байсан нь гарцаагүй нүүрстөрөгчийн ул мөрийг олж илрүүлсэн байна. Амьд амьтнаас гаралтай гэдгийг нь батлахын тулд нүүрстөрөгчийн төрөл бүрийн изотопын концентрацийг харьцуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл 12C/13C –ийн агууламжийн харьцаагаар тухайн олдсон нүүрстөрөгч амьд биетээс гаралтай эсэхийг тогтоох боломжтой. Амьд биетнүүдэд хөнгөн шинж чанартай нүүрстөрөгч-12-ийн концентраци өндөр байдаг, онгон зэрлэг байгальд нүүрстөрөгч-13-ийн концентраци өндөр байдаг юм байна.

Судлаачид радиоизотопын туршилт хийж Саглекийн хаднуудыг 3,95 тэрбум жилийн настай гэж тогтоожээ. Иймд хаданд агуулагдах нүүрстөрөгчийн үлдэгдлүүд нь мөн ижил настай болж таарч байна. 

Цаашид судлаачдын баг эртний амьд биетүүдийн биохимийн шинжилгээ, амьдарч байсан орчинг тогтоохын тулд азот, хүхэр, төмрийн изотопуудын судалгаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Эдгээр хаднуудын геологийн бүтэц маш хэцүү учир Токиогийн их сургуулийн судлаачдын хийсэн энэ том нээлтийг бусад эрдэмтэн мэргэжилтнүүд дахин нягтлан шалгана. 


Эх сурвалж: Вести