Усыг нь уувал ёсыг дагадаг заншлаар гадаад зорчвол заавал орон нутгийн онцлог хоолыг амсаж үздэг билээ. Зөвхөн хоолоороо татдаг улс орнууд ч байна. Үүнийг гастротуризм гэх бөгөөд жуулчид зөвхөн хоолыг нь идэх гэж ирдэг. Жишээ нь Хонконгийн жуулчдад хоол хамгийн чухалд тооцогддог. Дараа нь үзэх газрууд хоёрдугаарт тавигддаг байна. Харин еврэй жуулчид хамгийн хямд буудалд буудаг хэрнээ хамгийн үнэтэй, амт чанартай сайн хоолыг өөртөө зориулдаг байна. 

Хүн болгоны амтлах мэдрэхүй өөр өөр боловч дараах нэр төрлийн 21 хоолыг та энэ амьдралдаа нэг удаа ч болов заавал идэж үзэх ёстой. 

1. Японы Суши загас

Ямар төрлийн загасаар хийснээс шалтгаалж сушины амт өөр өөр байдаг. Туна загас, могой загас, яргай загас зэргээр хийсэн нь зөөлөн бол наймаалжны махаар хийсэн суши хүчтэй амттай. Сушиг даршилсан цагаан гаа, цуу, эсвэл вассаби соустай иддэг. Улаанбаатарт сушигаар үйлчилдэг газар олон байдаг. 

2. Индонезийн Рендан

Дэлхийн хамгийн амттай хоол ч гэж хэлдэг. Наргил модны сүүнд олон цаг зөөлөн чанаж, сармис, турмерик, цагаан гаа, халуун ногоо зэргээр амталсан үхрийн мах. Нутгийн хүмүүс баяр ёслол эсвэл хүндтэй зочиндоо барьдаг хоол. 

3. Японы Рамен

Рамен идэж үзээгүй хүн байхгүй байх гэхдээ бид энд савласан бэлэн гоймон яриагүй байна. Рамен бол япон үндэсний мах, ногоогоор хачирласан гурилтай шөл. Ямар шөл ашиглан хийсэн гэдгээсээ шалтгаалж амт нь өөр өөр байдаг. Газар бүр өөр өөрийн раменгийн жортой. Хамгийн түгээмэл болсон тонкацу нь гахайн ясны шөл байдаг бол мисо рамен нь хойд нутаг Хоккайдод алдартай. 

4. Тайландын Том Ям шөл

Исгэлэн амттай, халуун ногоотой Тайланд шөл. Эрүүл мэндэд тустай эмийн ургамлууд, халуун ногоонуудаар хачирласан сам хорхойн шөл. Тайландад очвол заавал идэж үзэх хоол. Монголд ч бас зарим ресторан энэ хоолоор үйлчилдэг болсон.

5. Туркийн Кебаб

Ойрхи дорнодод хамгийн түгээмэл болсон кебаб бол Туркээс гаралтай хоол. Хонины мах, эсвэл хурганы махаар ихэвчлэн хийдэг ч үхэр, ямаа, загас, тахиагаар ч бас хийдэг. Улаанбаатарт Cola & Kebab биш шүү, турк тогоочтой турк хоолны газрууд тоотой цөөхөн байдаг тул та тэндээс жинхэнэ кебаб амсаж болно.

6. Вьетнамын Фүү шөл

Халуун ногоотой энгийн боловч гайхалтай амт, үнэртэй шөл. Идсэн хүний толгойноос хэсэгтээ салахгүй. Цагаан будааны гурилаар хийсэн гоймон, үхрийн мах эсвэл тахианы махтай шөл, сүүлийн үед манай ресторанууд үйлчилдэг болсон. Зөвхөн энэ шөлийг хийдэг кафе хүртэл нээгдсэн. Халуун ногоотой байдаг учир фүү фүү гэсээр байгаад фүү нэртэй болсон. 

7. Хятадын Бээжин нугас

Энэ хоолонд хэрэглэдэг нугасыг зориуд тусад нь үржүүлдэг, 60 хоногийн дараа нядалж, шарахаасаа өмнө эхлээд зууханд амталдаг. Энэ нь гадна талыг нь шаржигнуур, нимгэн болгоно. Манайд хятад хоолны газрууд энэ хоолоор үйлчилдэг төдийгүй шинэ жилийн баяраар дуудлагаар гэрт тань хүргэдэг.

8. Испанийн Паелла

Испанийн Валенсиагаас гаралтай эртний гэж хэлж болох хоол. Туулайн мах, сам хорхойгоор эсвэл тахианы мах заримдаа галууны махаар хийдэг цагаан будаатай хоол. Амталдаг соусанд нь артишок ордог. 

9. Англи стектэй бялуу

Британичууд бялуундаа дуртай. Жинхэнэ англи амт нь үнэтэй байдаг ч бялуунд дургүй хүмүүс заавал амсаж үзэх ёстой хоолны нэг. Ихэвчлэн хонины, үхрийн эсвэл гахайн бөөр, татсан үхрийн махтай, стектэй бялуу. 

10. Австрийн алимны Strudel

Алимны strudel Австрийн хамгийн алдартай хоол. Алимтай боов гэж хэлж болох ба кофе, цай бүр оргилуун дарсны араас ч идсэн тохиромжтой байдаг. 

11. Тайландын Падтай

Тус улсдаа бол хамгийн түгээмэл гудамжны хоол. Халуун тогоон дээр өндөг, дүпү, сам хорхойтой шарсан гоймон. Энэ хоолны амт нь сармис, улаан чинжүү, хатаасан сам хорхой, загасны соусандаа байдаг. 

12. Унгар Гуляш

Манайд бол гуанз болгонд байдаг гуляш Унгар улсын нэрийн хуудас болсон байдаг. 

13. Италийн лазаня

Бүх насны хүмүүсийн дуртай, баяр ёслол ямар ч үед хамгийн тохиромжтой хоол. Эртний түүхтэй паста гэж хэлж болох боловч өнөө цаг үед хамгийн алдартай хоол болсон. 

14. Солонгосын Кимчи байцаа

Манайд бол гэрийн эзэгтэй бүр үүнийг хийдэг гэхэд хилсдэхгүй байх. 

15. Америк шарсан тахиа

Гадна тал нь шаржигнуур, дотроо шүүслэг. Халуун ногоотой тусмаа амттай. Шүлс чинь гоожиж байна уу. Энэ хоолыг 1830-д онд анх Америкт хийсэн. Түүнээс хойш дэлхийн хамгийн алдартай хоолны нэг болсон.

16. Энэтхэгийн Доса

Будааны гурилаар хийсэн шарвин. Түүнийг төмстэй эсвэл бусад амтлагчтай ороож иддэг. Өмнө нь зөвхөн Энэтхэгийн өмнөд хэсэг, Шриланкад мэддэг байсан бол өнөөдөр дэлхий даяар энэ хоолыг мэддэг болсон.

17. Тайландын Массаман карри

Олон улсууд өөр өөрийн онцлогтой карри хийдэг бол Тайландын массаман карри зөөлөн, кардамон, синнамон, голт бор (cloves), да-лиу (star anise), гоньд, лаврын навч, задь (nutmeg) зэргээр амталж бэлтгэсэн хоол. 

18. Италийн Пицца

Пицца өнөөдөр дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны нэг болсон. Идмээр санагдаж байна уу, утсаа аваад л захиалахад болно.

19. Америкийн Донат

Цагирган боов (пончик). Хөөмөл гурилыг дугуй, цагираг хэлбэртэй болгож, тосонд шарсан, шоколад зэрэг амттанаар дээр нь чимэглэсэн байдаг. 

20. Энэтхэгийн Биряани

Манайхаар бол будаатай хуурга. Улаанбаатар хотын энэтхэг хоолны газруудад та энэ хоолыг амталж үзэж болно. Халуун ногоотой, карритай. Хонины мах, үхэр, эсвэл тахианы махаар хийдэг. Будаа нь урт, энэтхэг соортын басмати будаагаар хийдэг.

21. Канадын Путин

Шарсан төмсөнд дуртай хүмүүс 1950-д онд Канадын нэгэн мужид мэндэлсэн энэ хоолыг амсаагүй байна гэж байдаггүй. Уламжлалт тахианы өтгөн бор соусаар амталсан шарсан төмс.