Ф.М.Достоевский "Ядуу хүмүүс" тууж

Цэргийн инженерийн сургуулийн оюутан Достоевский сургуулиа орхин уран зохиол бичихээр шийдэж ганц хоёр жүжиг бичсэн боловч төдийлөн амжилт олсонгүй.

Харин 1845 онд ядуусын зовлон гунигийг харуулсан "Ядуу хүмүүс" туужаа бичсэн нь жинхэнэ тэсрэлт болжээ. Хотын захын ядуу барлаг, нийгмийн доод давхаргын хүмүүсийн тухай өмнө нь хэн ч бичиж байсангүй. Тэр үеийн Оросын нэрт шүүмжлэгч  В.Белинский уг бүтээлийг уншаад “Залуу минь, та бичсэн юмныхаа үнэнийг ойлгож байна уу. Үгүй юу. Та хорин насандаа үүнийг ойлгохгүй л байх. Та том зохиолч болно. Хоёр дахь Гоголь төрлөө" гэж бахархан бичиж байжээ. "Нийгмийн амьдралыг тусган харуулсан Оросын анхны роман" гэж өндрөөр үнэлж байсан аж.  

Ядуу хоосон бичгийн түшмэл Макар Девушкин, цэл залуухан гоо бүсгүй Варвара Доброселова нарын хоорондын харилцах захидлуудаас зохиол бүрдэнэ. Хижээл насны түшмэл Макар Девушкин бол эмэгтэй хүнийг романтик маягаар хайрлагч "Солиот" романы ван Мышкинтэй төстэй нөхөр юм. Юу ч үгүй ядуу хоосон, мөнгөний гачланд орж цөхөрч зүдэж байвч зохиолын баатрууд амьдралыг гэгээлэг сайхнаар харах өөдрөг сэтгэлтэй. Авдаг цалин, олдог орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй ч тэд номд дуртай оюун бодол, зүрх сэтгэл нь гэгээлэг хүмүүс. Тийм хүмүүс өнөөгийн манай нийгэмд өч төчнөөн байгаа боловч бид олж харахгүй, ойшоож үзэхгүй. "Мөнгө-бурхан" нийгэмд хүнийг гаднаас нь, унаж яваа унаа, өмссөн хувцас, орон байр, эд хөрөнгөөр нь л хэмжинэ. Материаллаг баялагт тулгуурласан нийгмийн харилцаа өнгө-мөнгөн дээр л тогтоно. 

Эд хөрөнгөөр ядуу гачигдал зовлонтой байж болно, харин оюун ухаан -зүрх сэтгэлээр баян байж болно гэсэн өөдрөг үзэл цуурайтаж байдаг. Ном, театрт дуртай урлагийн гоо зүйг таашаагч ядуу хүмүүс!  Өвгөн Покровский бол ядуу дорд, навсгар үзэмжгүй, бохир заваан, архинд дуртай ер нь бол манайхны "бөбөөчид"- тэй төстэй нэгэн. Гэтэл хүүгээ хайрлах  тэр хүний зүрх сэтгэл ямар агуу гээч!  Хүүгийнхээ төрсөн өдрөөр дуртай  номыг нь бэлэглэх гэж цөгцөгнөн гүйх хөөрхий өвгөн. Сэтгэл нь байвч мөнгө нь байхгүй гачлантай. Хөөрхий хүү нь гэнэт нас барахад хүүгийнхээ оршуулгыг дагаж яваа тэр өвгөний уймарч цөхөрсөн, гаслан зовлонг уншаад өөрийн эрхгүй сэтгэл үймэрдэг юм. Достоевский "Ядуу хүмүүс", "Цагаан шөнө" гээд анхны туужуудаараа л авьяас билигтэй уран бүтээлч төрөн гарч байгааг зарлан тунхагласан юм.

"Мөнгөгүй хүн ямар ч эрх чөлөөгүй" гэж Г.Аюурзаны "Сүнсний томьёо" романд шоронгийн архаг хулгайч хэлдэг. Достоевский "Ядуу хүмүүс" туужид мөнгөгүй хүний гаслан зовлонг дурайтал үзүүлжээ. Аль ч нийгэмд мөнгөгүй хүн эрх чөлөөгөө боолчлуулах хувь тавилантай аж. Амьдрахын төлөө, амьдралын төлөө зүтгэнэ, тэмцэнэ гэсэн үгс бол мөнгөний төлөө л гэсэн үг. "Ядуу хүмүүс" туужаас эргэцүүлбэл энэ нь баян, хоосны ялгаа нийгмийн тэгш бус байдлыг харуулсан зохиол гэхээсээ илүү "мөнгө"-гүй хүний бачуурлыг маш гүнзгий, сэтгэлзүйн талаас нь маш чадварлаг дүрсэлжээ. 

"Хүн чанар" хэмээх мөнхийн хууль, мөнхийн зүй тогтол маань "мөнгө"-ний өмнө хүчгүйдэж байна.  Зовлон зүдгүүр, хар бараан амьдралын тухай уншаад, эргэцүүлээд хүн шаналах бус харин сэтгэл нь хөнгөрдөг гэнэм. Надаас өч төчнөөн дор хүмүүс амьдралын төлөө аргаа барж байхад миний зовлон зүдгүүр юу ч биш юм байна гэж тайвшрах жишээтэй. Энэ тухай далай ламын сургаальд ч буй. 

Орчин үеийн хүнд "мөнгө бол бурхан". Үгүй гээд хэлээд үз л дээ. Бүтэхгүй юм чинь тэр. Нийгмээс тасарч агуйд даяанчлан суух тэр хүмүүст мөнгө хүртээлгүй байх. Бусдад нь бол "хөдөлбөл хөлс-зогсвол зоос" нэхдэг энэ нийгэмд "мөнгө"-өөс өөр чухал зүйл үгүй. Нийгэм дотор оршиж л байвал "мөнгө" шаардана. Мөнгөний гачланд орсон хүмүүсийн эмгэнэлт хувь заяаг зохиолч маань ёстой нэг "нүдэнд харагдаж, гарт баригдтал" дүрслэн үзүүлж байна. Мөнгөгүй хүмүүс ариухан гэх гээд байгаа юм биш, угаас төрөлх мөн чанар нь хэвээрээ байгаа хүмүүсийн  мөнгөнд дөрлүүлсэн гунигт тавиланг зурж байна. Үүгээрээ л маш онцгой сэтгэгдэл төрүүлж чадаж байна