Амжилтад хүрсэн хүмүүсийн хөгтэй явдал, бүтэлгүйтэл, сургамжаар дүүрэн “Fuckup nights” өнгөрсөн пүрэв гарагт боллоо. “Fuckup nights”-ийн зочдын нэг нь найруулагч, зохиолч А.Миеэгомбо. Үзэгчдийг хуйлруулсан “Single ladies”-ийн найруулагч. “Ийм нэгэн дурлал”, “Дэв”, “Сайн муу хэрцгий” гээд олон кинотой. Кино ертөнцөд нэрээ гаргасан энэ эрхэм “Fuckup nights”-ийн дүрмээр бүтэлгүйтлээ ярьсан юм. 

Түүний бүтэлгүйтсэн бүтээл нь 2013 онд хийсэн “Эргэж ирсэн нь” гэдэг кино байж. Монголын хамгийн анхны, одоогоор бүтээсэн цорын ганц 3D кино болох “Сайн, муу, хэрцгий”-гийнх нь хоёрдугаар анги. Киногоо бүтээх гээд хөрөнгө оруулагч хайтал олдоогүй аж. Тэгээд л зээл аваад киногоо хийж эхэлжээ. Таван сар хамгаа мартан зүтгэж байж ард нь гарч. 

Найруулагч “Зөвхөн уран бүтээлдээ төвлөрсөн нь бидний алдаа байсан. Сайн кино хийчихлээ гэж өөр хоорондоо яриад сууснаас биш маркетинг хийх ёстойгоо ор тас мартчихсан байсан. Кинотеатрт гарахаас гуравхан хоногийн өмнө реклам, сурталчилгаагаа санасан гээд бод доо. Хамгийн аймшигтай нь бидэнд мөнгө байгаагүй. Маш их бодож ярилцсан. Их ч ядарсан. Жаахан хэтрүүлээд хэлэхэд сүүлдээ хоорондоо юу яриад байгаагаа ч ойлгохоо байсан. Бараг хориод минут ярьсаны дараа чи сая юу ярьсан бэ гэж нэгнээсээ асууж байх жишээний. Хүн паникт орчихдог юм билээ. Бид хоёрт кино зургийн үед авсан хэдэн теллер, фото зураг л байсан” гэсэн юм. 

Сурталчилгаагүй нээсэн киногоо кинотеатруудаар долоо хоногийн хугацаанд гаргасан гэнэ. Рекламгүй болохоор цөөхөн хүн л үзэж. Ингээд кино хийсэн найзтайгаа хамт 60 сая төгрөгийн өрөнд орж, ажил хийж өрөө төлөхөөр салцгаажээ.

А.Миеэгомбын энэ бүтэлгүйтлээсээ авсан сургамжийг уншигчдадаа хүргэе. Мэдээж бүтэлгүйтэхгүйгээр амжилтанд хүрч болох боломжууд түүний ухаарлын хамгийн амттай, хэрэгтэй хэсэг байсан.

“Эргэж ирсэн нь” киноныхоо бүтэлгүйтлээс их зүйлийг ухаарсан. Арилжааны кино хийхэд ганц хоёрхон зүйлийг л голлон анхаарах ёстой юм билээ. Нэгдүгээрт сайн сэдэв, хоёрдугаарт сайн маркетинг. Бүтэлгүйтэж гуниглаад гудамжинд лааз өшиглөөд явж байх үед жүжигчин Г.Ундармаа Single ladies киног хийх санал тавьсан юм. Саналыг нь сонсоод л өрнөөсөө гарчихлаа гэдгээ мэдэрсэн. Маркетинг дээр онцгой анхаарсан. Single ladies кино амжилттай болсон гол шалтгаан нь сэдэв, сайн жүжигчид, мэдээж хамгийн чухал нь сайн маркетинг байсан. Кино маань ч санаснаар амжилттай болж бүх өрнөөсөө салчихаад инээд алдан алхсан даа. Эхнэртэйгээ гудамжинд зэрэгцээд алхаж явахдаа инээд алдаад л байсан гэсэн. Өргүй болсондоо баярлаж байгаа нь тэр. Single ladies кино тухайн жилийнхээ хамгийн их орлоготой кинонд дээрээсээ хоёрт, бүтэлгүйтсэн кино маань доороосоо хоёрт бичигдэж байсан юм. Дахиад хэлье. Маркетинг маш чухал.Би ийм зүйл хийж байгаа шүү гэдгээ бусдад хэлж ярилцаж байх нь чухал.