”Амжилтын 99% нь хичээл зүтгэл, 1% нь авьяас” гэж Эдисон хэлсэн. 

Хонда түүнтэй санал нэгдэж, өөрийнхөө бизнесийг “бүтэлгүйтэл” дээр босгож чаджээ. Бүтэлгүйтэл бүр туршилт, туршлага болж жинхэнэ амжилт руу хөтөлнө гэдэгт тэр итгэж байсан. Энэхүү тууштай зан нь Хонда болон Эдисон нарыг бусад бүтээгчдээс ялгах давуу тал болж байсан юм. 

Хонда ирээдүйн шинийг санаачлагчдад дараах товч зөвлөгөөг өгчээ: “Бизнес эрхлэгч бүр өмнөө биелэгдэшгүй зорилго тавьж, бүтэлгүйтэлд бэлэн байх хэрэгтэй”.  

Суичиро Хонда 1906 оны 11 сарын 17 өдөр Япон улсын Хамаматсу мужид амьдардаг маш ядуу гэр бүлийн анхны хүүхэд болж мэндэлжээ. Хондагийн аав нь унадаг дугуй засварлах ажил хийдэг ядуу дархан байсан аж. Багаасаа унадаг дугуйтай ойрхон өссөн нь ирээдүйд мотоциклд сонирхолтой болох суурийг нь тавьсан гэж хэлж болно. Аав нь түүнд техникийн талын асуудлыг шийдвэрлэх анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн нь Суичиро хүүгийн эзэмшсэн анхны боловсрол байв. Тэдний гэр бүл маш ядуу байсан тул 5 хүүхэд нь нялх байхдаа хоол, тэжээлийн дутагдлаас болж нас баржээ. 

Сургуулийн заах арга барил таалагддаггүй байсан учир Суичиро үргэлж хичээлээ тасалдаг байв. Тэрээр туршилт хийнгээ суралцах арга барилыг илүүд үзэж, өөрийн гараар хийж, туршиж, алдаа гаргаж байж сайн суралцдаг байжээ. Мөн багаасаа л машин техникт дурладаг байсан бөгөөд хүүхэд байхдаа анх удаа автомашин хараад ховсдуулсан мэт алмайран зогссон гэдэг. 

Тэрээр нэг л өдөр машинтай болно хэмээн мөрөөддөг байж. Хонда хувийн машинтай болоод зогсохгүй машин үйлдвэрлэгч болно гэж тухайн үед төсөөлж байгаагүй биз ээ. Ирээдүйд автомашин, мотоциклийн аж үйлдвэрт хамгийн их нөлөө үзүүлэх хүн нь чухам Хонда байх ёстой хэмээн хувь заяагаар урьдчилан шийдэгдсэн байсан мэт. 

Хонда зөвхөн бүтээгдэхүүнийг өөрчлөөд зогсохгүй, зах зээлийг тэр чигт нь өөрчилж чадсан юм. Тэрээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, нийтийн хэрэглээ болсон мотоцикл зохион бүтээснээр зах зээлийн шинэ, өргөн сегментийг бий болгож чаджээ. Хондагийн бүтээсэн мотоцикл эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь зориулагдсан бөгөөд үйлдвэрлэгчид өмнө нь тоодоггүй байсан дундаж давхаргын хүмүүсийг бодолцож хийснээрээ онцлог байв. 

Хондагийн гол онцлог хүч нь техникийндэгжин шийдэл, гоёмсог дизайн болон зах зээлийн мэдрэмжид байсан гэгддэг. Тэр инженер мэргэжилтэй байгаагүй, дунд сургуулийн 8 анги л дүүргэсэн, ямар ч туршлагагүй хүн байсан. Маркетинг, санхүү, дистрибьюшний талаар тэр юу ч мэдэхгүй – хөдөө аж ахуй ид хөгжиж байсан үед өссөн Хондад том бизнес, олон улсын худалдааны талаар ойлголт огт байгаагүй юм. Түүний гаргасан амжилт зөвхөн япончуудыг алмайруулаад зогсохгүй баялаг зах зээлтэй германчууд, бусад бүх зах зээлийг атгачихсан байсан америкчуудыг гайхшруулсан. 

Хонда төвөгтэй асуудлуудыг илүү хялбар замаар шийдэх дэгжин шийдлүүдийг санал болгосон байдаг. Бусад агуу санаачлагчид ч мөн адил замаар сэтгэж байсан гэдэг. Тэр боловсролгүй, техникийн нарийн ширийнийг мэддэггүй байсан нь түүнд асуудлыг эмпирик аргаар алдаа, оноон дээр тулгуурлаж шийдэх боломжийг олгосон юм. 

Хонда дунд сургуулиа 1922 онд дүүргэснийхээ дараа шууд л Токио руу явж автозасварын газар дадлагажигчаар оржээ. Зургаан жил сурч, дадлагажсаны дараа тэрээр төрөлх хотдоо засварын газар нээх мөнгө хуримтлуулж чадсан аж. Тэр жилдээ Хонда өөрийн эзэмшдэг зуугаад патентийн хамгийн эхний патент болох машины дугуйны модон хигээсийг металл болгож солих санааг гаргажээ. Энэ бол Хондагийн үйлдвэрлэлийн ертөнцөд хөл тавьсан анхны алхам болсон бөгөөд цаашид тэрээр олон гайхалтай техникийн шийдлийг санаачилсан байдаг. Түүний гаргасан санаа бүр хэцүү асуудлыг шийдэх хялбар арга байсан. Хонда энгийн хүн байсан ч гарч ирсэн асуудал бүрт хялбар шийдэл олж чаддаг чадвар нь түүнийг суут ухаантан болгосон юм. 

motorcycle history honda type a bicycle

Хонда 1938 онд поршений цагираг зохион бүтээснээрээ алдар нэрийг олж авчээ. Улмаар Токио дахь “Toyota” компанийн захиалгаар поршений цагираг үйлдвэрлэдэг шинэ компанийг байгуулсан. Хожим дайны үеэр үйлдвэр бөмбөгдөлтөд өртсөн бөгөөд 1945 онд болсон газар хөдлөлтийн дараа бүрэн нуржээ. Хонда сэтгэлээр унасан ба байгаа бүхнээ зараад, ажилд орсон гэдэг. 

Хонда мотоциклийн зах зээлд санамсаргүй байдлаар хөл тавьжээ. 1946 онд тэрээр нэгэн асуудалтай тулгарав – машины бензин дууссан байж. Тэр америк цэргийнхний үлдээсэн моторуудаас нэгийг авч унадаг дугуйндаа суулгаж мотороо керосиноор дүүргэсэн байна.

Иймэрхүү энгийн бөгөөд дэгжин шийдлүүд нь Хондагийн бусдаас ялгарах онцлог байв. Дараа нь найзуудынхаа захиалгаар мопед хийж эхэлжээ. Арваад захиалга хийснийхээ дараа үргэлж шинийг эрэлхийлэгч Хонда мопедийн зах зээл бодож байснаас нь хамаагүй илүү том гэдгийг таамагласан гэдэг. Тэрээр 1948 онд мопед үйлдвэрлэх “Хонда Мотор Компани”-ийг үүсгэн байгуулжээ. 

“Хонда Мотор Компани” Япон дахь мопедын томоохон үйлдвэрлэгч болж, ардаа 50 өрсөлдөгчөө хол хаяжээ. Тэдний үйлдвэрлэсэн “Супер Каб” загварын мопед өвөрмөц хөл тавигч тавцантай байсан тул өсвөр насныхан болон эмэгтэйчүүдэд ихэд таалагджээ. Удалгүй “Шилдгүүд Хондагийн мотоцикл унадаг” рекламны ачаар тус загвар жинхэнэ хувьсал хийж чадсан юм. 

1961 онд “Хонда” компани сард 100 мянган ширхэг мотоцикл үйлдвэрлэдэг болсон бөгөөд АНУ-д 1968 онд сая дахь мотоциклоо гаргаж байжээ. Энэ үед Суичиро Хонда хүүхэд насны мөрөөдөл нь хэрхэн бодит болж буйг нүдээрээ харж байсан бөгөөд шинэ зах зээлийг эзлэхээр бэлтгэж байсан гэнэ. 

Хонда 1970 онд автомашины зах зээлд “Сивик”загварын машинаараа орж ирсэн юм. Тэрээр мотоциклийн зах зээлийг эзэлсэн тэр аргаараа өөрийн загварын машинуудаа техникийн шинэ шийдлээр хангаж эхэлжээ. Хонда автомашины үйлдвэрлэлийн энгийн нэгэн төлөөлөл байгаагүй гэдэг. Тэр босогч байсан. 1974 онд Японд хямрал нүүрлэж, японы үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгаж, үнээ нэмэх зөвшилцөл хийхэд Хонда эсэргүүцэж бүгдийг эсрэгээр нь хийжээ. 

Image result for honda history

Тэрээр үйлдвэрлэлийг танах хэрэгтэй гэсэн Галбрайтианы эдийн засгийн загварыг үгүйсгэснээрээ санаанд багтамгүй зүйлийг хийж чадсан. Хонда үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж, үнээ бууруулсан. Үнийн уян хатан байдлын талаар ойлголтгүй байсан Хонда зөв шийдвэр гаргаж чаджээ. “Nissan”, “Toyota” компаниудын борлуулалт 40%-р буурч, “Хонда”-гийн борлуулалт 76%-р өсөж, цаашид ч өссөөр байсан юм. 1987 онд “Хонда” дэлхийн хамгийн хурдан өсөлттэй компани болжээ. 

1980-аад он гэхэд “Хонда” компани Япон улс дахь хамгийн том үйлдвэрлэгчдийн  гуравдугаар байранд орсон, харин 80-аад оны сүүл үед дэлхийд гуравдугаарт орсон юм. 1960 онд тус компани аль хэдийнээ мотоциклийн зах зээлийн 70%-г атгаж, тэргүүлж байсан бол 1990 онд сард 3 сая гаруй мотоцикл үйлдвэрлэж байсан гэдэг. Одоог хүртэл дэлхийн зах зээлийн 60%-г дангаараа хангаж байна. 8 дугаар ангийн боловсролтой хүний хувьд муугүй амжилт байгаа биз? Түүнд мөрөөдөл бас мөрөөдлөө биелүүлэх тууштай зан байсан юм. 

Энэ бүх амжилт бол Японы жижигхэн хотын ядуу гэр бүлээс гаралтай ч орчин үеийн сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэхдээ эрсдэл гаргаж чаддаг хүний хүртэх ёстой гавьяа мөн. Суичиро Хонда бол тууштай зан, даруу сайхан зан төлөв, алдаа бүрийг үнэт хөрөнгө гэж хүлээж авах чадварын илэрхийлэл болсон агуу хүн билээ.

https://cdn1.bikebandit-images.com/blog/images/2015/honda-isle-of-man-1.jpg