"Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогтой ярилцлаа.

-Та бизнес инкубатор төвөө танилцуулахгүй юу?

-Манай компанийн үйл ажиллагаа зорилгоосоо шууд харагдаж байгаа байх. 

Бид зорилгоо “Гарааны бизнесийг хамтран бойжуулах замаар органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем бий болгож үнэ цэнийг бүтээнэ.” гэж томъёолсон.

Тэгэхээр бид гарааны бизнесийг үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчидтай хамтран тухайн бизнесийг эхлээд хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгон улмаар үнэ цэнийг бүтээе гэж байгаа юм. Бид инкубатор төвөө нээхээс өмнө гарааны бизнесүүдийн дампуурдаг шалтгаануудыг даацтайгаар судалсан. Тэдгээр шалтгаануудыг авч үзвэл асуудал системийн шийдэлд байдаг нь харагдсан. Тэгвэл бидэнд тэрхүү шийдэл нь байна, харин үүнийгээ гарааны бизнесийг үүсгэн байгуулагчидтайгаа хуваалцаж хамтдаа үнэ цэнийг бий болгоё гэж зорьж байна. 


-Та дээр дурьдсан бизнесийн систем, хэвийн үйл ажиллагаа гэдгээ тайлбарлахгүй юу?

-Бизнесийн систем бий болно гэдэг нь саад бэрхшээл, асуудлаа өөрөө олж шийдэх чадвартай үйл ажиллагаа, зорилго чиглэл нь бүрэн тодорхойлогдсон тогтолцоо бүрдэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем гэдэг нь зорилгоо хэрэгжүүлэх чадвартай байгууллага болохыг хэлж байгаа юм.


- Яагаад гарааны бизнесүүд эхлээд систем болох ёстой гэж?

-Машинаар жишээ авъя л даа. Хэдэн жилийн өмнө бид машин доголдоод байна, дуу орчихлоо гээд засварчин дээр очдог байлаа. Тэр болгонд "Түлшний насос нь эсвэл свеч нь ажиллахгүй  байна” гэх зэргээр засварчин бүр өөрийн туршилга дээрээ үндэслээд олон янзын онош тавьдаг. Бид ч оношийн дагуу насосоо, свечээ ч сольж үздэг байсан. Энэ тоолонд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрсний эцэст машинаа засч авдаг байлаа. Бүр оношлож засч чадахгүй ч тохиолдол бий шүү дээ. 

Харин орчин үеийн машинууд өөрчилөгджээ, ямар нэгэн асуудал, доголдол үүсвэл өөрийгөө оношлоод энд асуудал үүслээ шүү гээд анхааруулдаг болчихсон. Бизнесийг системчлэхгүй бол машины жишээтэй л адилхан болж байгаа юм. Манайхан бизнес нь сайжрахгүй байвал зөвлөгөө авдаг. Дараа нь бизнесийн зөвлөгөөнүүдийг судалж хэрэгжүүлдэг, гэтэл үр дүн нь төдийлөн сайнгүй байх жишээ олонтой гардаг. Тэгэхээр эхлээд бизнесийн системийг бүрэлдүүлчихвэл өөрийгөө дотроосоо оновчтой оношлоод хэрэгтэй засварчин дээрээ очно гэсэн үг. 


-Гарааны бизнес гэдэг чинь дөнгөж эхэлж байгаа бизнес шүү дээ, тэдэнд систем ямар хэрэгцээтэй байх вэ?

-Жишээгээр тайлбарлавал ойлгомжтой байх. Байшин барих гэж байна гэж төсөөлье. Хэдэн давхар байшин, ямар зориулалттай байх вэ гээд эхлээд байшингаа дүрсэлж, дараа нь цаасан дээр зураг гаргаж, барих барилгын материал, цонх хаалганыхаа шийдлүүдийг боловсруулдаг. Үүний дараа тухайн зургийнхаа дагуу барьж байгуулдаг биз дээ. 

Шууд л байшин барина гээд суурийг нь цутгачихчихвал суурь нь зорьсон 20 давхар байшинг даахгүй бол яах билээ. Ингээд нөгөө цутгасан сууриндаа зарцуулсан цаг хугацаа, хөрөнгөө салхинд хийсгэнэ. Гарааны бизнес эхлүүлнэ гэдэг чинь байшингийнхаа суурийг эхлүүлж байгаатай адилтгаж болох юм. Иймд бид системийн шийдлээр дамжуулан бизнесийн зорилго, бизнесийн загвараас нь эхлээд бойжуулах ажлаа эхлэдэг.


-Гарааны бизнест зорилго, бизнесийн загвараа тодорхойлоход нь туслах юм байна тийм үү?

-Үгүй, бид зөвхөн гарааны бизнесийн зорилго, бизнес загвараа тодорхойлоход нь дэмжлэг үзүүлээд зогсохгүй. Системийн шийдэлд суурилсан бойжуулах хөтөлбөрөөрөө дамжуулан 2 жилийн хугацаанд гарааны бизнес эрхлэгчийн зах зээлд үзүүлэхээр зорьсон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төвлөрч ажиллахад нь шаардлагатай нөөцөөр бас хангах юм. 

Гарааны бизнес эрхлэгчдийг оффис, ажлын орчноор хангах, мөн бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжих нягтлан бодох, оффис менежер, хууль эрх зүйн гэх мэт үйлчилгээнүүдийг давхар үзүүлнэ. Цаашлаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд таниулах шатны 50 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг олгоно. Олон улсын зах зээлд гарах, бизнесээ тэлэх хөрөнгө оруулалтуудтай холбох, нэтвоуркингийн арга хэмжээнүүд ч байгаа. Энгийнээр хэлбэл бидний бойжуулах хөтөлбөрт элссэн гарааны бизнес гэдэг чинь бидний хүүхэд л гэсэн үг. Бид хүүхдээ системтэй сэтгэлгээтэй, зорилгодоо хүрэх чадвартай, ирээдүйд амжилттай явахад бүхий л талаар дэмжиж ажиллана.


-Системийн шийдэл дээр тулгуурлахын давуу тал?

-Дээр дурьдсан машин, байшингийн жишээ л дээ. Үнэндээ чухам асуудал хаана байгааг олох гэж уламжлалт аргаар тус тусд нь авч үзсэнээс болж маш их цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгөө дэмий зардаг, эцэстээ хаалгаа барихад ч хүрнэ. Харин гарааны бизнес эрхлэгчид эхнээсээ энэ бүхнээ тус тусад нь биш цогц хэлбэрээр урьдчилан тооцоолоод системтэйгээр, үе шаттайгаар, зорилгоо, бизнес загвараа оновчтой гаргах нь чухал.

Системийн шийдэл буюу бидний санал болгож буй хөтөлбөр нь ингэж том зургаар нь цогц хэлбэрээр харж системтэйгээр үе шаттай бойжуулдаг гэсэн үг. Ийм систем бий болгочихвол байгууллага дээр ямар ч доголдол гарсан илрүүлж чадна. Ингэснээр тал тал тийш арга хайх биш системийн арга барилаар үүссэн асуудлыг танин мэдэж, засч залруулаад явах боломжтой болж байгаа юм. Манайханд нийтлэг ажиглагддаг даа, хөрөнгө оруулалт, санхүүжилт олдохгүй байна гэдэг.

- Хөрөнгө оруулалт олдохгүй байх нь бүх гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл шүү дээ?

-Гарааны бизнес дампуурах, амжилтгүй болдог шалтгаанууд дотор хөрөнгө оруулалт татаж чадаагүй, хөрөнгө мөнгөө дуусгаад хаалгаа барьсан тохиолдол цөөнгүй бий. Асуудал нь хөрөнгө оруулагч олдохгүй дээ биш, хөрөнгө оруулагчийн итгэлийг олохгүй дээ байна. Хөрөнгө оруулагч гэдэг бол өнөөдөр хөрөнгөө оруулаад маргааш нь хүүгийн хамт эсвэл ашгийн хамт буцаагаад авдаг хүн биш. Тэд тухайн бизнесийн 5-10 жилийн дараах ирээдүйг хардаг. Хэдий бизнесийн санаа нь ирээдүйтэй байлаа ч таны оруулсан хөрөнгийг тухайн компани зорилгогүйгээр, системгүйгээр дуусгачихвал яах вэ. Энэ хөрөнгө оруулагчийн хамгийн том эрсдэл болгоомжлол байхгүй юу. Тэгвэл тухайн бизнес өмнөө тавьсан зорилгодоо хүрч чаддаг систем болчихсон байвал хөрөнгө оруулагчид уралдаад ирнэ.           

-Танайх ямар гарааны бизнестэй хамтран ажиллах вэ?

-Бид гарааны бизнестэй биш, түүнийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчтай нь хамтран ажиллах юм. Манайханд нэг ойлголтын зөрүү яваад байдаг. Магадгүй танд бизнес эрхлэх санаа төрөөд гарааны бизнес үүсгэн байгуулсан гэж бодъё. 

Та компаниа улсын бүртгэлд бүртгүүлснээр таны байгуулсан гарааны бизнес тусдаа нэг хуулийн этгээд болж, та тэр компанийхаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч болж хувирна. Таны хөрөнгө оруулсан буюу хувьцааг нь эзэмшиж байгаа бизнес өсөж дэвжснээр та үр шим, ашиг хүртэнэ.

Бид гарааны бизнесийг үүсгэн байгуулагчдад “Танд бизнесийн санаа, байгуулсан гарааны бизнес нь байгаа бол бидэнд амжилттай, өсөлттэй болгох шийдэл нь байна, тодохой хэмжээний эхлэлийн хөрөнгө оруулалт нь бий, хамтраад гарааны бизнесийг тань бойжуулья, ирээдүйн үнэ цэнийг хамт бүтээцгээе” гэж байгаа юм. Хамтран бойжуулах гэдэг чинь бид бас хөрөнгө оруулагч нь болж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бид хамтран бойжуулах гарааны бизнесээ сонгож шалгаруулж авдаг.


-Ямар шалгуураар гарааны бизнесийг сонгох вэ?

-Мэдлэгт суурилсан, хүний цаг мөнгийг хэмнэсэн шийдлээр хэрэгцээг хангаж, үнэ цэнийг бий болгох зорилготой, багаараа 1-3 жил ажилласан, гарааны бизнестээ тодорхой хэмжээний санхүүгийн нөөц зарцуулсан байхыг бид шаардана. 

Багийн гишүүд нэгдмэл зорилгогүй байх нь хамгийн том асуудал. Энэ нь гарааны бизнесийн дампуурах шалтгааны нэлээн дээгүүр ордог зүйл. Мөн гарааны бизнестээ тодорхой хэмжээний санхүүгийн нөөцийг зарцуулсан байна гэдэг нь тухайн үүсгэн байгуулагч итгэл үнэмшилтэй, хамтддаа эрсдлийг үүрэх чадвартай гэдгийг харуулж байна л даа. Манайхан надад ийм санаа байна гээд хөрөнгө оруулалт хайдаг. Яахав хөрөнгө оруулалт олдох байх, санаанд хөрөнгө оруулдаг “angel investor” гэж нэрлэгддэг хөрөнгө оруулагчид бий л дээ. Тэднийг олоход бэрх. Тэд ч гэсэн үүсгэн байгуулагчийг нь хардаг. Бид анжелүүд биш.


-Гарааны бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс эхлээд ямар зүйл дээр төвлөрөх ёстой вэ?

-Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар зорилгоосоо эхлэх ёстой. Тэгээд тавьсан зорилгодоо хүрэх арга замаа тодорхойлох гээд явна даа. Зорилгодоо нэгдэж чадаагүй бол асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Ерөөсөө систем гэдэг бүх юм хоорондоо уялдаатай байхыг хэлдэг. Компани ч бас үүн шиг бүх зүйл нь уялдаатай, цогц байж л урагшилдаг. Бидэнд харин энэ шийдэл нь байна.



Ярилцсанд баярлалаа. Танай хамт олны ажилд амжилт хүсье.