Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томилжээ. Түүний хувьд МоАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдын албыг тус тус хашсан туршлагатай улстөрч юм. Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажилласан билээ.

Ш.ТҮВДЭНДОРЖИЙН НАМТАР  

Ш.Түвдэндорж 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгсжээ.

Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор.

1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагч,1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан.

1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашсан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,  Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон,  АН-ын дээд шагнал-Чингис хааны одонгоор тус тус шагнагджээ.