Өнөөдөр хүүхдийн номын өдөр. Энэ өдөр хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмаагаас хүүхдэд хэрхэн ном сонгох, ном уншихын ач тусын талаар тодруулга авлаа. Тэрбээр “Миний ном” цуврал ном, “Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийн зохиолч юм.


- Хүүхдээ хэрхэн номд дуртай болгох вэ?

- Хүүхдийг номонд дуртай болгоход эцэг эхийн нөлөөлөл хамгийн чухал. Та хажууд нь ном уншдаг бол, багад нь ном уншиж өгдөг байсан бол хүүхэд уншиж сураад таныг л дуурайна. Мөн хүүхдэд өөрт нь зориулсан ном нүдэнд нь өртөхүйц, нуруунд нь таарахаар тавиурт байнга байрлуулах нь чухал. Ингэж нүдэнд нь харагдаж байвал хүүхэд санаачлагаараа номоо уншуулах гээд бариад ирдэг.

Багад нь хэр ном уншиж өгнө төдий хэмжээгээр номонд дуртай болно. Жишээ нь ээж нь "Үүнийг индүүдэх хооронд яг энэ хэсгийг уншаад өгөөч" гээд чанга дуугаар уншуулж болно. Бяцхан заль гэх юм уу даа. Энэ нь өөртөө биш ээждээ зориулан хийж өгч байгаа ажил шиг санагддаг.  Их үр дүнтэй, гэхдээ 10-15 минут л уншуулахад хангалттай.

- Аав ээж нь огт ном уншдаггүй боловч хүүхэд нь номонд дуртай байх тохиолдол бий шүү дээ?

- Тийм ээ, үүнд өвөө, эмээ, багш магадгүй ангийн найзууд нь ч нөлөөлнө. Хэн нэгний санаадгүй хэлсэн үг хүртэл номонд дурлах шалтгаан болж болно. Харин эцэг эхчүүд нь чадах  чинээгээрээ дэмжиж өгөх ёстой юм. Ном худалдаж авч өгөх боломжгүй бол ядаж л номын санд карт нээлгээд өгч болно шүү дээ. Ер нь аав, ээж нь хоёулаа ном их уншдаг бол хүүхдүүдийнх нь  50 хувь нь сайн уншигч болдог . Аль нэг нь ном их уншдаг бол хүүхдүүдийн 25 хувь нь уншдаг гэсэн судалгаа ч бий. Энэ бол шууд л нөлөөлөл гэсэн үг.  

-Манайханд ном гэхээсээ илүү тоглоом, чихэр амттанг хүүхдэдээ авч өгдөг уламжлал бий шүү дээ?

 - Сүүлийн үед энэ хандлага эрс өөрчлөгдөж байгаа нь олзуурхууштай. Нийгмийн тодорхой хэсэг нь тоглоомын оронд ном авч өгөх, хүүхдээ номын дэлгүүрээр авч явах нь ихэссэн.  

-Номын дэлгүүр ороод хүүхдүүд биш эцэг эхчүүд нь өмнөөс нь сонголт хийдэг тал бий? 

- Ийм тал анзаарагддаг. Хамгийн гол нь хүүхдийнхээ хүссэн, сонирхолтой номыг нь авч өгөх нь чухал. Хүүхдээрээ сонголт хийлгээд түүнд нь саналаа нэмэрлэж болно. Таны багадаа унших дуртай байсан номыг хүүхэд чинь заавал унших албагүй гэдгийг л хүлээн зөвшөөрмөөр байгаа юм.  

Үнэхээр сонирхолгүй, унших дургүй номыг нь албан хүчээр уншуулаад байвал хүүхэд номонд дургүй болно, уйдна, залхана. Ялангуяа анх бие дааж унших гэж байгаа номыг нь зөв сонгож өгөхгүй бол цаашид хүүхэд номонд дургүй болох магадлалтай. 

-Ном уншихад насны онцлог чухал. Жишээ нь анхны ном гэхээр яг ямар, ямар шаардлагыг сонголтондоо анхаарах ёстой юм бол? 

-Үсгийн хэмжээ нь цагаан толгойн номных нь үсэгтэй адилхан бөгөөд шрифтийн бичиглэл нь адилхан байх ёстой. Мөн мөр хоорондын зай их, өөрөөр хэлбэл агаартай, сийрэг өрөгдсөн байна. Үүний зэрэгцээ богино үгтэй, нэг өгүүлбэр нь 7-8 үгээс бүтсэн, зурагтай, сонирхол татахуйц номыг сонгоорой. 


-Хүүхдийн хүйс бас чухал гэсэн?

-Тиймээ, "Манай охин ном сайн уншдаг харин дүү нь ерөөсөө уншихгүй юм, уг нь гэрт зөндөө л ном байна" гэдэг ээж аав нар бий. Дүү нь голдуу эрэгтэй хүүхэд байдаг. Эрэгтэй хүүхэд охид шиг янз бүрийн сэдвийн, олон төрлийн номыг сонирхох нь ховор, энэ нь хүйсийнх нь онцлог. Унших даалгаврыг хөвгүүд бараг л хийдэггүй шүү дээ. Эрэгтэй хүүхдэд ном сонгохдоо өөрөөр нь сонгуулах, танин мэдэхүйн шинжлэх ухааны, туршилтын ном санал болговол зүгээр. Хамгийн гол нь та хүүгийнхээ хувийн сонирхолд нь номын сэдэв, агуулгыг тааруулах л хэрэгтэй юм. 


-Үлгэрийн номын хамгийн чухал ач холбогдлыг дурдахгүй юу?

-Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох, ургуулан бодох чадварыг нэмэгдүүлдэг. Энэ чадвар сургуулийн өмнөх насанд илүү сайн хөгждөг. Үлгэр өөрөө жиших, харьцуулах боломжийг өөртөө агуулж байдаг. Үлгэр их сонссон, сонссоноо ярьдаг хүүхдийн аливааг ойлгох чадвар илүү хөгжсөн байдаг. Мэдээж хүүхэд том болоод ирэхээрээ үлгэрт итгэх нь багасдаг. Тэгэхээр үлгэрт итгэдэг нас хүртэл нь л үлгэрээр төлөвшүүлж болно доо.


-Үлгэр биш танин мэдэхүйн ном уншуулах хүсэлтэй эцэг эхчүүд байдаг шүү дээ. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Үлгэрийг нас зааж хориглох боломжгүй байдаг юмаа. Зарим хүүхэд 12-13 нас хүрсэн атлаа үлгэр уншаад л байдаг зарим нь 8 нас хүрээд л унших сонирхолгүй болчихдог. Хүүхдийн онцлогоос хамаарч байгаа юм.


-Ингэхэд ном унших нь хүүхдийн сурлагад эерэгээр нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яахав. Ном уншуулах дуртай, аав ээж нь номтой багаас нь нөхөрлүүлсэн хүүхэд том болоод номыг шимтэн уншигч болдог. Ном уншдаг хүүхэд үгийн баялаг сайтай, эх хэлний дүрмийг сайн эзэмшдэг. Мөн өөртөө итгэх итгэлтэй, уншлага дээр суурилсан ерөнхий эрдмийн хичээлдээ сайн суралцдаг юм.