Сургууль цэцэрлэгүүд эцэг эхээс мөнгө хураах явдал бол түгээмэл үзэгдэл. Мөнгө өгөх боломжтой бас боломжгүй хүмүүс ч бий. Австралид байхад шууд мөнгө цуглуулахаас илүү мөнгө босгох арга хэмжээ зохион байгуулж, эцэг эхчүүдийг сайн дураараа үйл ажиллагаанд оролцохыг хүсдэг байсан. Жишээлбэл, өглөөний цай зохион байгуулж, эцэг эхчүүд зайдас шарна, цай кофе хийж өгнө, нарийн боов хийж зарна. Оролцогчид нь бас л эцэг эхчүүд, бусдынхаа хийсэн идэж уух юмнаас худалдаж аваад идэж ууна. Хандивын хайрцаг байж байна, эцэг эхчүүд боломжоороо мөнгө хийнэ, сугалаа явагдана, мөн л эцэг эхчүүд сугалааны хонжворыг олсон байна. 

Ингэснээр нэгдүгээрт, мөнгө өгөх боломжгүй эцэг эхчүүдэд дарамт үүсгэхгүй, харин өөрийн цагаа зарцуулж үйл ажиллагаанд туслах боломж олгоно. 

Хоёрдугаар чухал ач холбогдол бол эцэг эхчүүд хоорондоо танилцана, багш нар болон сурагч хүүхдүүдтэй танилцах боломж олгоно. 

Энэ бол хүүхэд нь ямар орчинд ямар хүмүүстэй өдрийг өнгөрөөж байгааг мэдэж ойлгох, улмаар боловсрол хүмүүжлийн ач холбогдолтой. 

Гуравдугаарт, хүн хоорондын харилцаа, хөршийн холбоо сайжирч “хамтын” сэтгэлгээ үүснэ. 

Бас нэг аятайхан санагдсан нь, эцэг эхчүүдийг сайн дураараа багшид туслахыг уриална. Жишээлбэл, 1 дүгээр ангийн хүүхдүүд багуудад хуваагдаад унших, эсвэл тоо бодоход нь эцэг эхчүүд туслана. Нэг ээж аав 7 хоногт ганц цаг гаргаад багшид туслахад багшид дэмтэй, хүүхдүүдэд хэрэгтэй бөгөөд сонирхолтой, эцэг эхчүүд ч багш гэж ямар хүнд ажил болохыг илүү ойлгож ухаардаг. Ийм маягаар эцэг эхчүүдийн оролцоог зөвхөн эцэг эхийн хурлаар биш, сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах хэлбэрээр явуулбал хаана хаанаа их үр дүнтэй юм шиг санагдсан.

Зургийг Английн нэг сургуулийн вэбсайтаас авав, би яг ингээд хэдэн удаа сууж байсан, даанч зураг авахуулаагүй байна лээ.