Шинжлэх ухааны Академи болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр“Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.   

Тус хурлын зорилго ньМонгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм.

1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн3 дугаарсарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ жилийн уриа “ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ” юм.

Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын тоо 3,2 сая байгаагаас Улаанбаатар хотод 1,41 сая хүн амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулинд “Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”гэж заасан байдаг хэдий ч өнөөгийн байдлаар 1.41 сая хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хангагдахгүй байна үзэж болох юм.

Дэлхийн дулаарал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байгаа нь бидний өнөөдрийн зайлшгүй ярих сэдэв болоод байна.

Энэ талаар академич Д.Рэгдэл

"ЮНЕСКО-гоос “Дэлхийн усны өдөр” бий болгосон явдал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа томоохон бөгөөд хүнд асуудлуудын нэг нь усны асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гол ач холбогдол нь юундаа байна гэхээр “Ядахдаа энэ “Усны өдөр” хүн төрөлхтний тодорхой хэсэг нь усны асуудлаар хэлэлцэж, ярьж байгаач” гэсэн зорилго болов уу.
Өнөөдрийн хурлаас зөвлөмж гарна гэж байна. Зөвлөмж гаргаж өгөхөөр тэрийг уншдаг дарга, эрх мэдэлтэн хэд байдаг юм бол. Зөвлөмж гаргаад өгчихсөн гээд зохион байгуулж байгаа хүмүүс санаа амарна.

 Гэвч өнөөх зөвлөмж нь нэг даргын ширээн дээр очоод мартагдчихдаг болсон.

Миний бодлоор зөвлөмжөөс илүүтэй чухал зүйл бол өнөөдрийн хурлын явц дунд монголчуудын анхаарлыг ус гэдэг “Чандмань эрдэнэ”-д хандуулсан хэлц үг гаргаад тавьчихвал илүү хүрэх шинжтэй. Монголчууд эрт дээр үеэс усыг “Чандмань эрдэнэ” гээд нэрлэчихсэн байгаа юм. Тэрнээс илүү усны ач холбогдлыг яаж илэрхийлэхэв. Дэлхий дээр хамгийн товч тодорхой илэрхийлэл бол энэ юм болов уу гэж бодоод байгаа.

Монгол орны хувьд сүүлийн үед ялангуяа хот суурин газрын иргэд усанд туйлын хариуцлагагүй хандаж байна. Жилд 150-200 мм хур тундас ордог улсын иргэд, гадаргын усны нөөц багатай энэ газар нутаг дээр амьдарч буй бид усыг дураараа крантаа онгойлгоод л гудамжинд машинаа угаадаг. Гэтэл Англи улсад 2012 оноос хойш гэрийнхээ хашааны цэцэрлэгийг хувингаар усладаг болгосон. Хамаа намаагүй шүршиж цацаж услахыг зөвшөөрөхөө больсон.Тиймээс бидний өнөөдрийн хийж буй энэ хурал монголчуудын усанд хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөллийг өгөх болтугай гэж хүсч байна" гэлээ.