НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хойд Солонгосын цөмийн зэвсэг дэлхий ертөнцөд тулгараад буй хамгийн ноцтой асуудал хэмээн тодорхойлжээ. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн ямар ч арга хэмжээг дэмжихээ ч тэрбээр мэдэгдлээ. 

АНУ гэхэд л Ардчилсан Солонгосын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гаргуулахаар төлөвлөж, ирэх даваа гарагт санал өгөхөөр болов. Өнгөрсөн даваа гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурлын үеэр шинэ хориг тавих санал гаргахад эсэргүүцсэн хүн байгаагүй ажээ.

Гэсэн хэдий ч Орос болон Хятад энэ тухайд болгоомжтой хандаж буй. НҮБ дахь ОХУ-ын Элчин сайд Василий Небензия Америкийн төлөвлөгөөг“тэвдүү” гэж үзсэн. Түүний хэлснээр улс орнууд тус тусын арга хэмжээг авч, хориг тавихын оронд дипломат байдлаар асуудалд хандах хэрэгтэй аж.