ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өчигдөр уулзаж, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийсэн сүүлийн дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн ч түүнтэй сайн харилцаатай байгаа гэж мэдэгдсэн байна.

“Цаашид БНАСАУ-ын талтай хийх уулзалтуудын талаар хэлэлцэх нь зүйтэй. Ирээдүйд маш олон томоохон үйл явдал болно хэмээн найдаж байна. БНАСАУ асар их нөөц бололцоотой гэдэгт би итгэдэг” гэж Д.Трамп хэлсэн байна. 

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч, Ханой хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтыг амжилтгүй болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд цөмийн зэвсгээс ангижрах урт хугацааны үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон гэж хэлэв. 

“Д.Трамп, Мүн Жэ Ин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл хэрэгт хамтран ажиллахаар тохиролцсон” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид АНУ-БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчилснээр сайн үр дүн гарсныг сайшаан магтжээ. Мөн Д.Трамп АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт оруулж буй БНСУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг онцолсон байна. 

БНСУ-ын зүүн хойд нутгийн Ганвон мужид гарсан ойн түймрийн талаар АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, Солонгосын онцгой байдлын албаны ажилтнуудын эр зоригийг сайшаагаад, тэдний баатарлаг үйлс маш олон хүний амь насыг аварсан гэжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг