Д.Трампын засаг захиргаа өөрийн улсад 1 жилийн хугацаатай ажиллах зөвшөөрөл бүхий H-2A, H-2B визний ангилалдаа манай улсыг багтаасан билээ.

Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх визний ангилалд багтснаар манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн болон бусад салбарт богино хугацаатай ажиллах боломжтой болж байна.

Энэ дагуу хоёр улсын засгийн газрын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчнээ авах юм. Манай улсын ажиллах зөвшөөрөл бүхий виз мэдүүлэх эрх 3 дугаар сарын 1-нээс нээгдэх ажээ. Мөн H-2A, H-2B виз нь англи хэл шаардахгүй бөгөөд хүйс заахгүй. Хамгийн гол нь заасан хугацаандаа эх орондоо буцаж ирсэн байх ёстой гэнэ.

Манай улсын иргэд энэ визийг зөв ашиглахаас хамааран цаашид ажиллах хүчнийг тогтвортой явуулах эсэх нь шалтгаалах ажээ.Тиймээс АНУ-ын Элчин сайдаас яамнаас Хариуцлагатай аялъя аяныг эхлүүлсэн байна.

H-2A виз мэдүүлэхийн тулд  АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ. Өнгөрсөн онд л гэхэд АНУ H-2B  ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авч ажиллуулсан байна.