Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьлаа. 

АНУ-ын Сенатч Бен Кардин, Дан Сулливан нар хуулийн төслийг танилцуулахдаа Монгол Улсын ардчилал, стратегийн байршил, хараат бус бие даасан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөрш орнуудаасаа үл хамаарах бие даасан гадаад бодлого зэрэг нь Америкийн үндэсний аюулгүй байдалд өндөр ач холбогдолтой хэмээн дурджээ. 

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн гуравны нэг, түүнээс ч илүүг дангаараа үйлдвэрлэдэг боловч ихэнх нь Хятад улс руу экспортлогддог. Харин АНУ ноолууран бүтээгдэхүүнийхээ талаас илүү хувийг Хятад улсаас худалдан авдаг билээ. 

АНУ-Хятадын хооронд өрнөж байгаа худалдааны маргааныг Монгол Улс өөртөө ашигтайгаар эргүүлж чадах зүйл бол энэ гэрээний хуулийн төсөл гэдгийг манай эрх баригчид харж байна.

Өнгөрсөн оны долдугаар сард Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн баригдаж байсан уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргаж байсан юм. 

Энэ хууль батлагдсанаар АНУ-ын бүтээгдэхүүнтэй шууд өрсөлддөггүй оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн тэр дундаа Монголын ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй орох юм. Үүний дүнд Монгол Улсын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарын өсөлт нэмэгдэж, уг салбарын нийт ажилчдын 90 гаруй хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдэд 40,000 ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж АНУ-ын тал үзэж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байдаг. Тухайн үед АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдсэн билээ.