Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу муж дахь АНУ-ын ерөнхий консулын газрын нэг ажилтан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш үе үе хачин жигтэй дуу чимээ сонсож байсны улмаас тархины согогтой болсон тухай АНУ-ын төрийн департаментаас мэдэгдсэнийг “Эн-Эч-Кэй” телевиз уламжлав.

Америкийн төрийн департаментын хэвлэлийн албаны ажилтан Хизер Науэртын мэдээлснээр, консулын газрын дээрх ажилтан эх орондоо ирээд эмнэлгийн үзлэгт ортол тархины гэмтэлтэй болсон байжээ.

Ийм тохиолдол дахин гарвал консулын газраа илүү аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийг АНУ Хятадын эрх баригчдаас шаардах бодолтой байгаа аж.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Конгресст мэдээлэл хийхдээ “2017 онд Куба дахь АНУ-ын Элчин сайдын яамны 20 гаруй ажилтанд үүнтэй төстэй зүйл тохиолдож, ижил онош тогтоогдож байсан” гэжээ. Үүнийг “Sonic Attack” буюу “дуу авианы халдлага” хэмээн нэрлэх болсон юм.

Тухайн үед дипломат ажилтнуудынхаа аюулгүй байдлыг муу хангасан хэмээн АНУ Кубын засгийн газрыг шүүмжилж, 15 дипломат ажилтнаа эргүүлэн татсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг