Өчигдөр АНУ-д болсон завсрын сонгуулиар 100 гаруй эмэгтэй нэр дэвшигч Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогджээ. Ингэснээр Төлөөлөгчдийн танхим анх удаа ийм олон эмэгтэй гишүүнтэй болж байна.

Өдгөө 31 настай Кэти Хилл Калифорни муж улсаас сонгогдсоноор Төлөөлөгчдийн танхим дахь эмэгтэй гишүүдийн тоог 100 давахад хүргэжээ. Өмнөх сонгуулиар 84 эмэгтэй гишүүн сонгогдож байсан юм.

Нийт эмэгтэй гишүүдийн 85 хувь нь Ардчилсан намын гишүүн ажээ. Харин эмэгтэй гишүүд дундаас хамгийн залуу нь 29 настай байна. Мөн лалын шашинтай хоёр, уугуул америк буюу индиан хоёр эмэгтэй сонгогджээ.

Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын тэргүүн Нанси Пелоси сонгуулийн дүн гарсны дараа үг хэлэхдээ, манай эмэгтэй гишүүд намаа ялалт руу хөтөллөө гэж мэдэгдээд, танхимд 30 гаруй эмэгтэй гишүүн шинээр нэмэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK