АНУ-ын шинжээчид саяхан нэг судалгаа хийж, 50 америк эмэгтэйн хөхний сүүг шинжилж үзэхэд PFAS хэмээн нэрлэгдсэн “Пер- болон полифторалкиль нэмэлтүүд” буюу химийн хорт бодис ундны усанд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2000 дахин их агуулагдаж байгааг олж мэджээ. 

Судалгааны багийнхны хэлж байгаагаар энэ хэмжээний хорт бодис илэрсэн нь нярай хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учруулж болох бөгөөд анхааралдаа авч үзэх нь зүйтэй хэмээжээ. 

Тус химийн хорт бодис нь хүнсний савалгаа, хувцас, болоод бусад ус нэвтэрдэггүй, толбо тогтдоггүй эд өлгийг бүтээхэд ашиглагддаг гэнэ. Тэдгээр нь “мөнхийн химийн бодис” хэмээн нэрлэгддэг учир нь байгальд огт задардаггүй ба хүний биед хуримтлагдсаар байдаг аж.

Мөн тухайн бодис нь хорт хавдар, ургийн гажиг, элэг, бамбай булчирхайн өвчлөл, эр бэлгийн эсийн тоог бууруулах зэрэг олон сөрөг үр дагавар, өвчлөлд хүргэдэг юм.

Судалгаагаар хөхний сүүнд илрэх PFAS нь нэг их наяд тутамд 50-1850 хэмжээгээр агуулагдаж байжээ. Гэвч тус улсын Хорт бодис болоод хордлогот өвчлөл бүртгэлийн газраас ундны усанд нэг их наяд молекул тутамд 1 ширхэг PFA байхыг зөвшөөрсөн байдаг бол хүүхдийн уух усанд нэг их наядад 14 ширхгээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг юм.

Хэдийгээр судлаачид өөрсдийн илрүүлсэн үр дүнгийн тухайд балмагдаад байгаа ч нярай хүүхэд дээр судалгаа явуулах нь ярвигтай тул тэдгээр хорт бодисууд тэдэнд хэрхэн нөлөөлдгийг судалсан судалгаа одоогоор үгүй ажээ. 

Тухайн судалгаа нь АНУ-д 2005 оноос хойш хөхний сүүн дээр хийгдсэн анхны судалгаа бөгөөд хоёр судалгааны үр дүнг харьцуулахад тус бодисын илэрц мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харж болох ба судалгааны багаас дэлхий дахинаа хөхний сүүн дээр хийсэн судалгааг шалгахад PFAS-ын илэрц мөн л нэмэгдсэн байжээ. 

Тиймээс судалгааны багийн зүгээс одоогоор жирэмсэн эхчүүдийг өөрсдийгөө хамгаалахыг зөвлөж байгаа юм. Хэрхэн хамгаалах вэ гэвэл, тос нэвтэрдэггүй хүнсний савалгаа, тос, толбо шингэхээс хамгаалдаг бүтээгдэхүүнүүд, PFAS бодис ашигласан цас, ус нэвтэрдэггүй хувцас хэрэглэл, тефлон зэргийн наалддагггүй хэмээн сурталчилдаг гал тогооны хэрэгслийг хэрэглээнээс хасаад үзэхийг санал болгожээ. 

Цаашлаад засгийн газраас авч чадах цор ганц арга хэмжээ бол тухайн бодисын хэрэглээг улс даяар хасах шаардлагатай юм.  

Эх сурвалж: The Guardian