АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг Израйлын нийслэл гэж үзэхээр болж тогтоолд гарын үсэг зурлаа. Тэрбээр энэ тухай энэ лхагва гарагт Цагаан ордноос мэдэгдсэн юм. Израйлын нийслэл гэж үзсэн тул Америкийн Элчин сайдын яамыг Тел Авиваас Иерусалим руу нүүлгэхийг Төрийн департаментад даалгажээ.

Израйлчууд Иерусалимыг өөрсдийн нийслэл гэж олон жил үзсэн ч нэг ч орон үүнийг дэмжээгүй. Иерусалимыг булаацалдаж маргадаг өөр нэг улс бол Палестин. Ноён Трамп элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэхээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амалсан. Гэвч ингэх өнгөрсөн зургадугаар сард нүүлгэх гэсэн ч өөрөө татгалзсаныг ажиглагчид Ойрхи Дорнодын энхтайванд санаа зовнисноос боллоо гэж дүгнэсэн. 

Палестинчууд Трампын эл шийдвэртэй тэмцэхээр болж Израйлын Засгийн газрын Иерусалим дахь хамгаалалтаа чангатгаж эхлэв. Израйл, Иордан дахь Америк элчингийн ажилтнуудыг болзошгүй байдалд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Энэ баасан гарагийн мөргөлийн дараа Арабын орнуудын исламын шашинтнууд Америкийн шийдвэрт эсэргүүцлээ илэрхийлж жагсах төлөвтэй байна. Ямартай ч ноён Трампын шийдвэр Ойрхи Дорнодод эмх замбараагүй байдал үүсгэх гол хүч нь боллоо. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонмио Гуттерес ч мөн Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Ойрхи Дорнодын аюулгүй байдал, энхтайвныг нэмж өдөөх ямар ч ажиллагааны эсрэг зогсохоо мэдэгджээ. Иерусалимын статус хэнд харьяалагдахыг хоёр тал хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэж ноён Гуттерес үзэж буй. 

Тэрхүү хэлэлцээг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн тогтоолд үндэслэж, хоёр талын хууль ёсыг авч үзэх хэрэгтэй. Боливи улс ноён Трампын шийдвэрийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдахыг хүсэх гэж байна. НҮБ дэх Японы дипломат эх сурвалжуудын хэлснээр маргааш гэхэд хүсэлтээ тавих аж. 

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Америкийн Ерөнхийлөгчийн шийдвэрийг хамгийн их эсэргүүцэж байгаа. Махмуд Аббас телевизээр дамжуулан мэдэгдэл хийж АНУ-ыг энхийн зуучын үүргээс чөлөөлж буйгаа хэллээ. Трампын шийдвэр олон улсын нийгэмлэгийн гэрээг зөрчиж, энхтайвныг улдаа гишгэсэн явдал болсныг ноён Махмуд цохон тэмдэглэв.  

Тэрбээр “Иерусалим мөнхөд Палестины нийслэл байх болно. Трампын шийдвэр Иерусалимыг Израйлын нийслэл болгочихгүй. Иерусалим бол Араб, Христчид, Исламчуудын хот” хэмээжээ. 

Иерусалимын Хуучин хотын хана дээр Израйл, АНУ-ын туг далбааг энэ лхагва гарагт гаргасан шийдвэрийн дараа проектороор гаргажээ. Мөн Трампыг магтсан үг ч бичээстэй байж. Мөн үед палестинчууд гудамж талбайд гарч Америкийн шийдвэрт эсэргүүцлээ илэрхийлэв. Улс төрийн бүх нам энэ лхагва гарагаас эхлэн гурван өдөр дараалж жагсахыг уриалсан бөгөөд лхагва гарагт гэхэд таван эсэргүүцлийн хөдөлгөөн боллоо. 

Эсэргүүцэгчид АНУ, Израйлын туг далбааг шатааж, “Иерусалим мөнхөд Палестины нийслэл байна” гэж орилж, уухайлжээ.