АНУ тэргүүтэй олон улсын эвсэл ням гарагт шилжих шөнө Сирийн армийн их бууны төхөөрөмжид цохилт өгч, устгасан байна. Цохилт өгөх үеэр цэргийн хоёр албан хаагч амиа алдсан тухай Сирийн цэргийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эвслийн нисэх онгоцууд орон нутгийн цагаар 23 цаг 30 минутад Ефрат мөрний баруун эрэгт Сири, Иракийн хилийн бүсэд оршдог Абу-Кемаль хотоос баруун зүгт ас-Суккария сууринд цохилт өгсөн байна.

Ийм цохилтыг хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард өгч байжээ. Тухайн үед САНА агентлагийн мэдээлж байснаар, Олон улсын эвслийн Агаарын цэргийн хүчин Дейр-эз-Зор муж, Аль-Хари суурин, от Аль-Букемаль хотоос зүүн өмнөд зүг дэх Сирийн армийн байрлалуудыг бөмбөгджээ. Цохилтын үеэр Сирийн Засгийн газрын хүчний цэргүүд шархдаж, амиа алдсан тухай мэдээлж байв.

Харин АНУ-ын Батлан хамгаалах яам дээрх мэдээллүүдийг няцаасан байна.

Эвслийн өгч буй цохилтууд

АНУ тэргүүтэй эвсэл Дамаскийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр, террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй “Сирийн ардчилсан хүчин”-ий отрядад дэмжлэг үзүүлэх нэрийдлээр Хажин хот болон Дейр-эз-Зор мужийн ойролцоох суурингуудад агаарын цохилт өгч байгаа юм.

Агаарын цохилтын улмаас энгийн иргэд амиа алдсан болон цагаан фосфор хэрэглэж байгаа тухай Сирийн хэвлэлүүд нэг бус удаа мэдээлжээ. Үүний буруутнуудад болон Сирийн нутаг дэвсгэрт явуулж буй эвслийн хууль бус ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг тус улсын эрх баригчид НҮБ-д хандан уриалсан байна.  

Сири, Иракт “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг АНУ болон тус улсын холбоотнууд 2014 оноос эхлэн явуулж байгаа юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/RIA Novosti/