Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө хэвээр бөгөөд уулзалтын үеэр түүнээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсэх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.

Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод буй Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд лхагва гарагт цухас дурдсантай холбоотойгоор Д.Трамп дээрх мэдэгдлийг хийлээ.

Сайд Ким Ки Гван мэдэгдэхдээ “АНУ манай улсыг буланд шахаж, цөмийн зэвсгээсээ татгалзахыг тулган шаардах хандлагатай байгаагийн улмаас бид энэ уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй эсэхийг эргэн харахаас өөр аргагүйд хүрч байна” гэсэн юм.

Харин Д.Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос дээд хэмжээний уулзалтыг цуцлах талаар бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Бидний хувьд энэ уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөө хэвээр байгаа. Хэрвээ Умард Солонгос энэ уулзалтыг хийх хүсэлгүй байгаа бол тус улсад АНУ үргэлжлүүлэн шахалт үзүүлэх болно” гэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг