Умард Солонгос энэ лхагва гарагийн өглөө цөмийн бөмбөг тээвэрлэх пуужин туршсан. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж байна. Уулзалт хийхийг АНУ, Япон, Өмнөд Солонгос улсаас шаардсан бөгөөд гишүүн орнууд Умардыг цөмийн зэвсгээс нь салгах талаар хэлэлцэх юм. 

Америкийн Засгийн газраас Умардын эсрэг хатуу хориг тавихыг, Франц хоригоо нэмэгдүүлэхийг шаардсан. Тодруулбал, Францын НҮБ дэх элчин Франсуа   Делаттре Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг чандлан биелүүлэх нь дэлхий нийтэд чухал байгааг онцолжээ. 

Харин БНХАУ-ын зүгээс хамаа намаагүй хориг тавих нь аюултай, ярилцсан нь дээр гэсэн байр сууриа баримталж буй. Тиймээс хоригийг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн 8,9-р сард Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяны эсрэг нэгэн дуугаар хориг тавьсан. Хятад, Оросоос гадна зөвлөлийн бүх гишүүн энэ саналыг дэмжсэн юм. 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд хоч өгчээ. Тэрбээр Миссури мужид илтгэл тавихдаа ноён Кимийг “Бяцхан “пуужинчин” залуу”, “Өвчтэй гөлөг” хэмээсэн байна. Хэдий АНУ цэрэг армидаа хамгийн их төсөв зарцуулдаг орон ч гэсэн дахиад ч мөнгө зарцуулах хэрэгтэй байгааг ноён Трамп хэллээ. 

Хятадын дарга Ши Жиньпин Дональд Трамптай лхагва гарагт утсаар ярьжээ. Энэ үеэр ноён Ши Хятадын няцашгүй зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах, олон улсын цөмийн статусыг хянах, Зүүн хойд Азид энхтайван, тогтвортой байдлыг хадгалах гэдгийг цохон тэмдэглэсэн гэв. 

Гэхдээ Хятадын зүгээс шинэ хориг тавих санал ирүүлээгүй. Хэлэлцэх замаар цөмийн зэвсгээс салгана л гэж хэлсэн байна. 

Дональд Трампын хөдөлгөхийг хүсэж байгаа гол хүчин зүйл бол Хятад. Гэвч түүнд “тулах цэг” байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй билээ. Ямартай ч Умардыг зогсоохыг шаардсаар буй. Ноён Дональд түншүүдээ цөмийн зэвсгийн заналхийллээс хамгаалахыг чухалчилж байгаагаа ноён Шид утсаар хэлжээ. Үүний тулд Хятад байж болох бүхий л аргаа ашиглаж, цөмийн зэвсгийн статусаасаа татгалзахыг хүсчээ. 

Утсаар ярисан зүйлээ Америкийн Ерөнхийлөгч твиттер хуудастаа бичсэн. “Умардын эсрэг илүү хатуу хориг тавих болно. Энэ асуудлыг шийдэх болно” гэсэн байна. Хятад улс Солонгосын хойгт нөлөө ихтэй. Худалдааны гол түнш, Умард руу нийлүүлэх импортын 90 гаруй хувийг Хятад дангаар хангадаг билээ.