ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Япон болон Монгол Улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэлдээ БНАСАУ-д хандан Баллистик пуужин харвах зэрэг өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ. Уг баримт бичгийг АНУ-ын Төрийн Департамент баасан гарагт болсон гурван улсын төлөөлөгчдийн уулзалтын дараа нийтэлсэн байна.

“БНАСАУ баллистик пуужин харвах зэрэг өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Сингапурын дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээг бодитоор эхлүүлэх ёстой гэдэг байр суурь баримталж буйгаа АНУ, Япон болон Монгол Улс нотолж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Талууд мөн НҮБ-ын АЗ-ийн холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх нь БНАСАУ-ын үй олноор устгах зэвсэг болон баллистик пуужингуудыг хураах үйл явцыг шийдвэрлэх, бүрэн хяналт тавихад чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 2019 оны зургадугаар сарын 30-нд Панмүнжомд уулзахдаа, 2019 оны хоёрдугаар сард Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбогдуулан түр зогсоосон байсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх зөвлөлдөх уулзалтыг ажлын түвшинд сэргээхээр тохиролцсон билээ. Энэхүү тохиролцооны дагуу АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид хоёр талын харилцааг хэвийн болгох хэтийн төлөвийг хэлэлцэхээр 2019 оны 10 дугаар сарын 5-нд Стокхольмд уулзсан боловч өнгөрсөн оны сүүлчээс өмнө Вашингтон, Пёньяны хооронд яриа хэлэлцээг эхлүүлж чадаагүй юм.

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болсон билээ. Уг уулзалтын дараа Пёньян цөмийн зэвсгээс бүрэн ангижрахад зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол үүний хариуд Вашингтон БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээсэн билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг