НЬЮ-ЙОРК. /CNN/. Apple” компани энэ долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулах арга хэмжээнийхээ үеэр “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах төлөвтэй байгаа боловч эвхэгддэг, “5G” сүлжээ дэмждэг эсвэл өмнөх жилийнхээс тэс өөр зүйл хүлээх хэрэггүй.


АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт маргааш болох арга хэмжээний үеэр “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max”, “iPhone 11” гар утсыг танилцуулах төлөвтэй байна. Мөн 450 орчим ам.долларын үнэтэй арай хямд загваруудыг танилцуулж магадгүй.


Шинэ гар утаснууд харагдах байдлын хувьд өмнөх жилийн загваруудтай төстэй байх хэдий ч гурван камер болон камерын шинэ системтэй байх магадлалтай ажээ. Мөн уг арга хэмжээний үеэр “iPhone”-уудаас гадна шинэ “Apple Watch”-ыг танилцуулах төлөвтэй байна. Түүнчлэн "MacBook", "iPad", "Apple TV" зэрэг бүтээгдэхүүний шинэчлэлүүдийг танилцуулж магадгүй хэмээн хэрэглэгчид таамаглажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг