Ардчилсан нам өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын гишүүн Л.Болдыг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн намынхаа байр суурийг зөрчсөн хэмээн үзэж, 4 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан. 

Үүний дараа буюу 12 дугаар сарын 4-нд УИХ-ын гишүүн Л.Болд хууль бус зүйлд сахилга хариуцлага тооцож байна хэмээн  Ардчилсан намын гишүүнчлэлээс хасагдаж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ дарга нартаа хүргүүлсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болдын намын гишүүнчлэлээс гарах тухай албан бичгийн хариуг Ардчилсан намаас ирүүлжээ.

Тус хариу албан бичигт:

"...УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож, Олон Улсын парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн даргын сонгуульт албанд ажиллаж ирсэн туршлагатай улс төрчийн хувьд та парламентэд ёс, сонгогчдын 40 шахам хувийн төлөөлөл болсон УИХ дахь сөрөг хүчинг үл хүндэтгэн, сонгогчид болон намын гишүүдийн өмнө хүлээсэн хариуцлагаасаа татгалзаж буй нь туйлын харамсалтай хэрэг юм.

Иймд намын зохих шатны байгууллага, хамт олны шийдвэрийг хүндэтгэн үзэж, тавьж буй шаардлага болон холбогдох хуулиудыг бүрэн биелүүлж, Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин санал өгсөн иргэдийн сонгох эрхийг хүндэтгэн, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр дахин хүсэлтээ гаргахыг мэдэгдье" гэжээ


Ардчилсан намаас өгсөн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.