Аз болоход аав ээжийн тал минь хоёулаа угийн бичгээ нямбайлан хадгалж үлдсэн юм. Хадгалж хөтөлж ирсэн гэдгийг мэддэг ч бүр 20 гарсан хойноо олж хараад хачин сайхан санагдаж билээ. Хэзээ ч харж байгаагүй миний эцэг өвгөдийн түүх, амьдрал нүдний өмнө тов тодхон харагдах шиг болсон. Удамд минь бичээчээс эхлээд ноён хүртэл байжээ. Өв хөрөнгөтэй нь ч байж, өөрийгөө болгоод явдаг жирийн нэгэн ч байж. Ургийн бичигт өөрийн хүмүүсээс гадна хүнд өргүүлсэн болон айлаас өргөж авсан, гэрлэхэд аав ээжийгээ дагаж ирсэн хүүхдийн нэрс хүртэл дурайгаастай. Цагийн эрхээр салбайж урагдсан тэр дэвтрийг хэлмэгдүүлэлтийн үед хувьсгалчид бурхан номын судар юутай нь устгаж байхад эсгий туургандаа хавчуулж нууж үлдсэн түүхээ эмээ маань ярьж өгсөн удаатай. 

Харин энэ удаа ярих түүх маань аавын удмын түүх юм. Аавын элэнц өвөө эцэг эхээс хоёулаа юмсанж. Нэгнийх нь нэр Арилж, нөгөөг нь Шарилж гэнэ. Арилжийнхаас хүүхэд гараагүй учраас удмын  бичиг түүнээс хойш тасарчээ. Шарилж гэдэг нь аавын элэнц өвөө бөгөөд араараа дүүрэн адуутай өврөөрөө дүүрэн хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон гэдэг. Энэ талаар аавын ургийн бичигт сануулан бичихдээ эл түүхийг өгүүлээд “Нэр гэдэг хүний амьдрал хувь заяатай холбоотой. Үүнээс цааш энэ урагт төрсөн хүүхдэд амны билгийг бодож өлзийтэй нэр өгүүштэй” хэмээн бичсэн байдаг юм. Монгол хүн амны  билгээс ашдын билэг гэдэг бөгөөд гаригийн сайныг харж өлзий дэмбэрэл, эрүүл энхийг билэгдэн нэр өгдөг нь учиртай.Ийм ч учраас манай удамд Цэрэн буюу урт насан хэмээх төвд үгээр нэрлэдэг ёсыг мэдсэн билээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/JournalistMom/