Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн тохиолдол эрс нэмэгдэж байна. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед барилга байгууламжаас хэрхэн аюулгүй гарах зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг өгөх зорилготой сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтад Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 16 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй байгаа найман орон сууцны нийт 60 иргэн хамрагдсан юм.

Тодруулбал, иргэдийн амьдрах таатай орчин бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууц Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 хороонд байна. Тэдгээр 29 барилгын ашиглалтыг нийслэлийн ЗДТГ-аас хориглосон бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр хуучин орон сууцанд нийт 705 өрх амьдарч байна.


Эх сурвалж: https://zasag.mn/m/bzd/