АТГ-аас өнгөрсөн лхагва гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултуудад дараах хариултыг өглөө.

-АТГ-т итгэх олон нийтийн итгэл алдраад байна. Тухайлбал, "60 тэрбум"-ын хэрэгт холбогдуулж яагаад хэнийг ч шалгахгүй байгаа юм бэ. УИХ-ын 25 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод бичиг өгсөн. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг буруутгасан байна билээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

Э.Идэрцог: -Энэ асуултад би прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хариулъя. “60 тэрбум"-ын асуудлаар манайхаас өмнө нь тодорхой мэдээлэл, хариулт өгч байсан. Асуудал тавьсан УИХ-ын гишүүдэд эрхийнхээ дагуу тайлбар мэдээллийг өгсөн. Прокурорын байгууллагаас ч энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар тайлбар гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт прокурор эрхийнхээ дагуу шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон хэргийг барьж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. Прокурор эрхийнхээ дагуу шийдсэн асуудал. Прокуророос зөвшөөрөөд, “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийвэл бид энэ талаар тодорхой ярьж тайлбарлахад бэлэн.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа.

-Шалгаж байгаа л гэдэг. Томоохон хэргүүд яагаад замхраад байгаа юм бэ. Ард түмэн үнэхээр итгэл алдарч байна? 

Э.Идэрцог: -Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэл, хүлээлт байгаа. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг аргачлал маань 2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига, албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаж шийдэгддэггүй. Хэргийн шийдвэрлэлтийн асуудлыг прокурор цугларсан нотлох баримтын хэмжээнд хянаж шалгаж, шүүх прокурор эцсийн шийдвэр гаргадаг гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Ер нь бол та бүхэн манай мөрдөн шалгах ажлын ачаалал, онцлогийг мэдээлэл дотроос харж байгаа байх. Улсын хэмжээнд 28 мөрдөгч ажиллаж байгаа. Нэг мөрдөгч 20-30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид өнөөдөр бүх хэрэгт өдөр тутам ажиллагаануудыг жигд хийгээд нэг ч гэсэн хэргийг шийдэхийн төлөө ажилладаг.

-"60 тэрбум"-ын хэргийг та бүхэн шалгаад ямар саналтайгаар прокурорт шилжүүлсэн бэ?

Э.Идэрцог: -Энэ талаарх гомдол, мэдээллийг хуучин хуулийн дагуу шалгаад, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж байсан. Учир нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэдэг шаардлага хангаагүй, бүрэн хэрэгжсэн нь тогтоогдоогүй учраас бид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

-АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хоёр сар орчим хорьсон. Энэ хугацаанд тус бүр хэдэн удаа байцаасан бэ?

Э.Идэрцог: -Хуулийн хүрээнд хорьж байцаасан. Хорих хугацаандаа хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ерөнхий сайд С.Баярыг ганцааранд нь тэгж анхаарал тавьж хоол өгсөн нь ямар учиртай юм бэ?

Э.Идэрцог: -Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь хэсэгт  АТГ-ын дарга нь гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй. Хэргийн холбогдогчийн гаргасан хүсэлттэй нь холбогдуулан түүнтэй уулзсан. Энэ нь прокурорын зөвшөөрөлтэй болсон ажиллагаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүн тогтмол цагт хооллох ёстой. С.Баярын хувьд байцаалтын ажиллагаа уртасгасан цагаар үргэлжлэх учир хооллох боломжийг мөрдөн байцаалт явуулж буй байгууллагын хувьд бид олгосон. 

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон бусад гишүүдэд хариуцлага тооцуулахаар АТГ гомдол гаргасан нь шуугиан тарьж байна. АТГ-т ийм эрх байгаа юу? УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа юм биш үү? 

З.Баасанням: -Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа асуудал биш. УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар хэн ч байсан гомдлоо гаргах эрх нь нээлттэй. Иймд бид гомдлоо Ёс зүйн дэд хороо харьяалагддаг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, санал гаргах гишүүний эрхийг 2015 оны Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон. УИХ-ын хуульд гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг УИХ-ын гишүүнд хориглосон байгаа. Гэтэл АТГ-ын үйл ажиллагаанд хувь хүн, хуулийн этгээд оролцохыг хориглосон Авлигын эсрэг хуулийн заалтыг мөн зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр УИХ-ын гишүүний ёс зүйгээ зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргасан. Ер нь хуулиа мөрдөж, хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой.