АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулаа.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "

С.Зориг бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг үйлдэгдээд олон жил болж байгаа. Тус хэргийг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас энэ хэргийг үйлдсэн хүмүүстэй холбоотой мэдээллийг өгөрщх эрх надад байхгүй. Харин хэргийг шалгаж байх явцад зарим хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудлууд яригдаад прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд ирүүлсэнд бидэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим хууль зөрчсөн нотлох баримтууд бидэнд хураагдсан. Одоогоор үнэлэх, бэхжүүлэх ажлуудыг хийж байна. Энэ нь гүйцэтгэх ажилтай холбоотой нууцад хамаарах хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

Нийтэд мэдээлснээр 4 хүнийг цагдан хорьсон гэж байгаа. Үүнд тухайн хэргийг шалгаж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан нэр бүхий 2 хүнийг 15 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан нэг албан тушаалтныг баривчлаад сулласан байгаа" гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлоод буй АТГ-ын даргын томилгоотой холбоотой асуудлыг лавлахад "АТГ-ын даргыг ажлаа өг гэж шахсан, мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй байна. Уг асуудлыг жилийн өмнөөс ярьсан. УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан. Ямар дүгнэлт гарах вэ гэдэг асуудал УИХ-аар хэлэлцээд шийдэгдэх байх" хэмээлээ.