Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан зувчуулсан хэрэг дээр АТГ холбогдох шалгалтыг хийж байна. Тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй байгаа гэв.

Мөн АТГ-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна. Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнд:

  • “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • “Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөг