Энэ удаагийн “Fuckup Nights Ulaanbaatar”-т “Ub Comedy” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэг адал явдлаа хуваалцсан юм. МҮОНРТ-д ажиллаж байгаад өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Stand up комедийг Монголд хөгжүүлэхээр шийдэж ажлаа орхисноор түүний түүх эхэлжээ. Түүний анхны бүтэлгүйтэл бол “Авъяаслаг Монголчууд”  шоу гэнэ. 

Тайзан дээр шүүгч, рэппэр Рокит Бэйгийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн ч түүнийг ярьж эхлэхэд үзэгчид инээх нь битгий хэл гайхширч, гурван шүүгч нэгэн зэрэг “Х” товчлуураа дарснаар тайзнаас бууж байжээ. Итгэл дүүрэн тайзнаа гараад ичгүүртэйгээр буусан ч тэр комеди урлагийг хөгжүүлэх хүсэл мөрөөдлөө орхисонгүй. 

Энэ тухайгаа Б.Батбилэг “Тухайн үед би зааланд өөрийнхөө найзууд, дэмжигчдийг авчраагүй нь миний алдаа болсон. Учир нь гэвэл тэр заалаар дүүрэн өрсөлдөгчдийн маань дэмжигчид байсан болохоор намайг хэн ч дэмжээгүй” гэж хошигнон ярьсан юм. 

Цалингүй, завгүй хэдий ч тэр сонирхлынхоо төлөө бууж өгөлгүйгээр тэмцсээр найзуудын хамт Standup комеди чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай болжээ.  Мөн Ub comedy шоу зохион байгуулдаг гэдгээрээ ч олны танил болсон нэгэн юм. Энэ урлагт хөл тавих шийдвэрээ гаргасан нь түүний хувьд амьдралынх нь хамгийн том зөв эргэлт гэсэн. Хэний ч өмнө айж ичихгүйгээр өөрийгөө илэрхийлж, нээж чаддаг болсон учраас Stand up хийж эхэлсэн үеэ торноосоо гарсан шувуутай зүйрлэдэг бөгөөд одоо ямар ч гоё сайхан тор байсан буцаж торонд орохгүйгээр шийдсэн гэв.