Австралийн их, дээд сургуулиудад сурч буй оюутнуудаас эмэгтэй болон гадаад оюутнууд хамгийн өндөр амжилттай сурдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

"Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага" /OECD/ байгууллагаас явуулсан энэхүү судалгаанд Австралийн 750 сургуулийн 14500 оюутан хамрагдсан байна. Судалгааны үр дүнд австрали оюутнууд сурлагын амжилт болон суралцах урам зоригоороо бусад 50 гаруй орны оюутнууд дундаас 13-т жагсчээ.

Мөн эмэгтэй оюутнууд эрэгтэй оюутнуудаасаа илүү суралцах урам зоригтой байгаа бол гадаад оюутнууд австрали оюутнуудаас илүү амжилттай сурч байгааг судалгаагаар тогтоожээ.

Үүний зэрэгцээ газар зүйн байрлалаас шалтгаалан оюутнуудын сурлагын амжилт болон суралцах урам зориг өөр өөр байжээ. Жишээ нь нийгэм эдийн засгийн хөгжил өндөртэй газар нутаг болон томоохон хотоос гаралтай оюутнууд хамгийн амжилттай сурдаг байна. Тэдний дийлэнх хувь нь “ангидаа хамгийн онц сурдаг” гэсэн хариулт өгчээ.

Австралийн Боловсролын судалгааны зөвлөлийн гүйцэтгэх захирал Сью Томсон уг судалгааны үр дүнтэй холбогдуулан өөрийн санал бодлоо илэрхийлэхдээ "Нийгэм эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй нутгаас гаралтай, алслагдсан нутгийн болон уугуул австрали оюутнуудын сурлагын амжилт, суралцах урам зориг муу байгааг энэхүү судалгаа харуулж байна. Үүнтэй холбогдуулан Австралийн боловсролын системийн сул талыг засч залруулах шаардлагатай. Оюутнуудын амжилттай суралцах болон хувийн боловсрол эзэмших, зорилгоо тодорхойлоход урам зориг гэдэг зүйл хамгийн чухал үүрэгтэй" гэж хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг