Автын ослоор амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр АТГ-т шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант суманд гэр бүлийн долоон хүн автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр амиа алдагсдын зорчиж явсан машиныг шаргал өнгийн машинтай жолооч шахаж эсрэг урсгалд оруулснаар эсрэг урсгалаар зорчиж явсан “Land 200”маркийн машинтай мөргөлдөж осолдсон байна. Машин осолдсон даруйдаа шатсан бөгөөд дотор нь машины жолооч гурван хүүхэд, хадам аав, ээж, эгчийн хамт байсан аж. Харин дайрч осол үүсгэсэн машинтай жолооч хэргийн газраас зугтсан бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм байна.

Хэрэг болсноос хойш гурван удаа прокуроор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан гэдгийг ар гэрийнхэн нь хэллээ.

Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хэргийг шалгаж, үнэн зөвөөр нь тогтоож өгөхийг тэд шаардав. Мөн хэргийн газар ажиллаж, хэргийг хүчингүй болгон хаасан байцаагчдад гомдолтой байгаа учир АТГ-т хандаж байгаа юм байна.