Нийтийн тээврийн нэг автобусанд 45 сая төгрөгөөр утааны шүүлтүүр тавих нь гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж багагүй шүүмжлэл өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү утаа шүүгчийг авах хөрөнгөний эх үүсвэр болоод түүнийг тойрсон асуудлаар холбогдох байгууллагуудаас тодруулга авсан юм. 

Дуулианы эзэн болоод байгаа автобусны утаа шүүгчийн нэг бүрийн үнэ нь 45 сая төгрөг гэдгийг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар батлан хэлэв. Энэ нь нийтийн тээврийн чиглэлд явж байгаа нэг автобусны үнэтэй дүйцэх тоо юм. Автобуснаасаа ч үнэтэй энэхүү утаа шүүгч төхөөрөмжийг суулгах бүх зардлыг “ЖАЙКА” Японы хамтын ажиллагааны байгууллага буцалтгүй тусламжаар гаргахаар болжээ.


АВТОБУСНЫ НАСЖИЛТ МОНГОЛД 9,1 ЖИЛ БУЮУ ХЭТ ӨНДӨР БАЙНА

Одоогийн байдлаар нийслэлд 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. 40 гаруй тролейбусыг эс тооцвол бүгд дизел хөдөлгүүртэй, өндөр насжилттай, утааны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан гэдгийг албаны хүмүүс нь ч хүлээн зөвшөөрчихсөн.  Километрын гүйлтээрээ бол аль хэдийн ашиглалтаас гарах ёстой. Гэсэн хэдий ч арав гаруй жилийн өмнөх Японы тусламжаар орж ирсэн цэнхэр автобусны жишгээр 12 жил ашиглах шийдвэрийг яамнаас гаргажээ. Одоо явж байгаа Солонгосын “Дээвүү” автобус япон чанарын хаана ч хүрдэггүй учраас нэг автобусанд засвар хийхэд арав хүртэлх сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоог “Автобус-1” компанийн инженер Х.Мөнхбаатар дурьдав.  Нийслэлийн тээврийн газрын хэлж байгаагаар автобусны дундаж насжилт 9,1 жил гэнэ. Агаарын бохирдолд багагүй хувь нэмэр оруулж байгаа эдгээр автобус авто машины улсын үзлэгт ороход 40-өөс дээш хувийн тортог хаях нь энгийн л үзэгдэл. Өнгөрсөн жилээс энэхүү тогтогийг бууруулахаар “Автобус-1” нэгтгэлийн нэг автобусанд утааны шүүлтүүр туршиж  батлагджээ. Энэ нь өнөөх дуулианы эзэн болоод байгаа Япон улсад үйлдвэрлэгдсэн 45 сая төгрөгийн үнэтэй утааны шүүлтүүр юм.

АВТОБУСНААСАА Ч ҮНЭТЭЙ УТАА ШҮҮГЧИЙН ЗАРДАЛ "ЖАЙКА"-ГААС ГАРНА

Автобусанд суулгах байгаа утаа шүүгч 45 сая төгрөгийн үнэтэй гэдгийг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хэллээ. Энэ хэрэгсэл нь хоёр удаад солих зургаан шүүлтүүр, нэмэгдэл яндан зэрэг иж бүрдэл хэрэгсэлтэй ажээ. Үүнийг яндантай холбож суурилуулахад 5-7 хоног зарцуулдаг байна.

Утааны шүүлтүүр суулгасан автобусны яндан дээр цагаан бээлий тавихад ч хар тортог гардаггүй гэдгийг тус төсөл дээр ажилласан инженерүүд хэлэв. Гол нь 300 км явсны дараа шүүлтүүрийг солиж зориулалтын зууханд шатааж цэвэршүүлээд дахин хэрэглэдэг гэнэ. Ашиглалтын хугацаа нь арван жил. 

Тус төсөл дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах санамж бичиг зураад байгаа бөгөөд эхний ээлжинд нийт 24 автобусанд суулгахаар төлөвлөжээ. Утаа шүүгч төхөөрөмжийг суурилуулахад тэрбум гаруй төгрөгийг зарцуулах аж. Үүнийг хийхэд манай талаас юу ч шаардагдахгүй, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдэх юм. 


ХОЁР ШҮҮЛТҮҮРИЙН ҮНЭЭР ЭКО АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ

Гучаад жилийн  өмнө дизел машины утаа Япончуудын толгойны өвчин байсан гэдэг. Энэ үед авто машин үйлдвэрлэгч Ниссан компанид ажиллаж байсан инженер Комура Сан шинэ технологи гарган утааны шүүлтүүрийг зохион бүтээж байжээ. Үүний ачаар Токио төдийгүй Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд дизел хөдөлгүүртэй машины асуудал санаа зовохооргүй болсон гэдгийг газар дээр нь очиж судлаад ирсэн Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлж байна. Тэрбээр энэхүү шүүгчийг 

“Монголчууд бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар үнэгүй суулгаж өгч байгаа энэ төхөөрөмжийг автобусанд суулгаснаар угаарнаас салах бага ч гэсэн боломж бүрдэнэ. Уг нь хоёр ширхэг утаа шүүгчийн үнээр л утаагүй автобус үйлдвэрлэх боломж бидэнд бий. Үүнийг албаны хүмүүс нь  дэмждэггүй” гэв.

Мөн цаашид энэ хэлбэрээр гадны зээл тусламжинд найдаж утаа бууруулна гэж суухаас илүүтэй өөрсдөө ирээдүйдээ хэрэгтэй гарц шийдлийг эрх баригчид олох нь чухал  гэсэн юм. Нэгэнт л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн чиг хандлага эко буюу приус шиг бага өртөгтэй түлш зарцуулах автобус үйлдвэрлэх боломж байхад Монголын албан тушаалтнууд Орос, Солонгос руу автобус царайчилж явдагт гайхаж байгаагаа Д.Жаргалсайхан нуусангүй. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр авсан автобус нь Монголын эрс тэс цаг агаарт тохирдоггүй гэв. Түүний хувьд утаагүй автобусны асуудлаар ярилцахаар хотын даргад санал өгсөн боловч хариу ч өгөхгүй таг чиг болжээ. 

Хэрэв энэ төрлийн утаа шүүгчтэй эко автобус үйлдвэрлэвэл хоёр жилийн дотор л машинаас хамааралтай хорт хий, утаанаас салах боломж байгаа ажээ. Үүнийг дагаад Монголд шил үйлдвэрлэгч, хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ч шил даран гарч ирэх боломжтой гэлээ.


АВТОМАШИНЫ УТАА УУШГИНЫ АРХАГ ӨВЧИН, ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ


Нийслэлийн агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа ялгаруулдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд аль хэдийнэ тогтоочихсон

Нэг автобус өдөр дундажаар 280 км туулдаг. Үүнийг хотод явж байгаа 900 машинаар үржүүлэн бодоход дэлхийг тойрох хэмжээний замыг туулж байгаа хэрэг юм. Тэгвэл энэ хэмжээгээр агаар орчныг бохирдуулж, хүний эрүүл  мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. 

Тухайлбал хар тугалга бол хүний эрхтэнд хамгийн хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Анагаах ухаанд “мэдрэлийн хор” гэж үүнийг нэрлэгддэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай.

Нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт үйлчилгээтэй. Азотын ислүүд болохоор хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг 



ЭНЭХҮҮ МЭДЭЭ НЬ "ПИЙК МЕДИА ГУПП"-н ОЮУНЫ ӨМЧ ТУЛ НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН АХИН НИЙТЛЭХ, ХЭВЛЭХ, ИШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.