Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.09.22,23/ Тээврийн цагдаагийн алба нийт 645 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. 

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. 

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа. 

Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал өмнөх өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй тайван байсан бөгөөд “Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 40 хүртэл хувиар буурсан байна. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 

  1. 2018.09.22-ны өдөр Баянчандмань явах зам, “Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Sonata-6 маркийн автомашин болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна. 
  2. Мөн 2018.09.23-ны өдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамжны замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч С,Н нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан байна. 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, унадаг дугуйтай холбоотой 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.