Хятадын хиймэл оюун ухаант техник зохион бүтээгч томоохон компани болох “Байду” корпораци пүрэв гарагт автомат жолоодлоготой хоёр машинаа Тяньжин хот дахь ашиглалтад хараахан ороогүй байгаа хурдны зам дээр туршсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Байду” компанийн хувьд ийм төрлийн туршилтыг анх удаагаа хийж буй нь энэ аж. "Туршилтаар автомат жолоодлоготой автомашины байрлал тогтоох, орчин тойрноо мэдрэх чадвар хийгээд удирдлагын ажиллагааг шалгасан” гэж компанийн ахлах инженер Ван Сяолун мэдэгджээ.

Туршилт явагдсан “Таншань-Ланфан” хурдны зам энэ оны сүүлээр ашиглалтад орох гэнэ. “Байду” компани нь автомат жолоодлого бүхий технологийг бүтээх салбарын шинэ төлөөлөгчдийн нэг болж байгаа бөгөөд энэ онд Лас-Вегас хотноо болсон Хэрэглээний электроникийн олон улсын үзэсгэлэн дээр “Аполло 2.0” хэмээх автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө танилцуулсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг