Дэнж хотойлгосон дэлгэр Монголын наадам эхэллээ. Хурай хурай. Дэнж хотойх нь ч юу юм гэж өнөөгийн залуус бодох. Түмэн олон цугласан наадмын дэнжийг холоос харахад хотойгоод байгаа мэт харагддаг. Дэнж хотойлгох гэхээсээ илүү өргөн олноороо баяр жаргалтай, сайхан наадахыг билэгдсэн үг юм.
Урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга, Дотоод хормой нь тос өөх, эд нь хэврэг эзэн нь мөнх байх болтугай гэдэг ерөөл бол хүүхдийн даахь үргээхэд хэлдэг ерөөл. Хүүхдийн өөрийнх нь сонсдог, магадгүй ойлгодог анхны ерөөл байх.
Шинэ гэр бүрэхэд, гал голомтоо асаах гэх мэтээр хүний амьдралын гол гол үед ёслолийн тэргүүнд ерөөл байжээ. Гэрийн буурийг чинь заслаа, аяганы буурьтай яваарай гэх мэт.  Хүн орж ирэхэд унд цайтай яваарай л гэж байгаан. Одооны манай залуу эхнэрүүд тэр талдаа хэр билээ.

 Нэг талдаа шүлгээр ерөөгөөд байгаа юм шиг хэрнээ сургааль хайрлах ухаан юм уу даа.      

Хуучны ерөөлчид бүр гурав хоног дуулж гурав хонг ерөөл магтаал айлддаг байсныг сонсож байсан. Ялангуяа хуриман дээр залуу хосуудыг өмнөө зогсоож байгаад  хэдэн цагаар ч хамаагүй ерөөж ухааруулдаг ч байж.
Манай хуриман дээр унаган хотын  нэг найз маань “аяга нь хагархай уурга нь хугархай яваарай гэж ерөөхөд настай улсууд хоорондоо ойрд сонсоогүй ерөөл байна гэхийг дуулж  билээ. Тэр найзынхаа ерөөснөөр болоод ч тэрүү манай аяганууд тэсэхээ байсан.  Олон хүүхэдтэй болсон гэсэн үг.  
Бид ерөөл хэлэхээ байгаад уджээ. Олон нийтийн сүлжээгээр бие биенээ гутаан доромжлохдоо сэцэн хатан. Сайн үг, сайхан зүйл хэлэлцэхдээ салга хоосон.  Цэнгээний ширээний ард цэцэн хэрнээ, ёслол хүндэтгэлийн найранд ёроолгүй дуугай.  
Сайхан бодол сайн үгээр илэрдэг.  Найз нөхдийнхөө хүүхдийн даахь, хуриман дээр хуучны сайхан ерөөлийг  заал дүүрэн дуудвал юутай сайхан.
Зах замбараагүй үргэлжилдэг найрыг дэгтэй байлгах үүднээс ерөөлийн төгсгөлд “хөөлгийн үг” гэж байдаг. 

Тэр нь орсон бороо арилж , ирсэн гийчид буцдаг гэсэн үг юм. Найр наадам, шоу цэнгээнийг дуусгах цаг гэж бий.  Бид халуурах гээд байдаг шүү дээ.  
Миний хэлэх гэсэн санаа,  бичих гэсэн үг энд хүрээд дутлаа.  Сайн ерөөл  хэлэлцэж, сайхан  Монгол заншлаарай дэнж  хотойтол дэлгэр дүүрэн наадаарай.


Эх сурвалж: Шагж Гэлэн /Зохиогчийн зөвшөөрөлтэй/