ВАШИНГТОН. /CNN/. Ирэх онд аялахад хамгийн аюулгүй орнуудын газрын зургийг “International SOS” аяллын аюулгүй байдлыг хангах үйлчилгээний байгууллага танилцуулжээ.

Уг газрын зурагт халдварт өвчнүүд, улс төрийн тогтворгүй байдал зэрэг эрүүл мэнд, аялал жуулчлалын аюулгүй байдлын эрсдэлийн үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудаар аялахад учрах эрсдэлийг тодорхойлсон байна. 

Хамгийн аюулгүй орнуудад Дани, Финланд, Гренланд, Исланд, Норвеги, Словени, Люксембург, Швейцар зэрэг орон багтжээ. Зарим орны хувьд нэг ангилалд багтах боломжгүй байсан бөгөөд Мексик, Колумби зэрэг улсын зарим бүс нутаг эрсдэл өндөр байсан бол зарим нь эрсдэл бага байжээ. 

Их Британи, АНУ, Канад, Австрали, Хятад болон Европын ихэнх орнуудаар аялахад эрсдэл бага хэмээн бүртгэгдсэн бол Африкийн олон улс дунд болон өндөр эрсдэлтэй орнуудын ангилалд багтсан байна. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг