Бүх хүн нэг л газар, оффисынхоо нэг өрөөнд амьдралынхаа туршид суухаар бүтээгдээгүй. Хэрэв та нэгэн хэвийн амьдралаа ардаа орхин, илүү сэтгэл хөдөлгөм газруудад ажлын шинэ замналаа эхлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа бол аялах дуртай хүмүүсийн мөрөөдлийн 3 мэргэжлийг сонирхоорой. 

Уншигч танд виртуал туслах, нисгэгч, бүтээлч контент бэлтгэгчийг танилцуулья.


Виртуал туслах

Вера Руттковски бол виртуал туслах бөгөөд таван жилийн өмнөөс Тенерифийн арал дээр амьдарч байгаа юм.

Виртуал туслах гэдэг нэршил нь үргэлж л тайлбар дагуулж байдаг. Ихэвчлэн би өөрийгөө оффист биш гадаадаас ажилладаг туслах эсвэл нарийн бичиг гэж тайлбарладаг. Энэ ажлыг явуулахад нэг дор 25 интэрнет шуудангйин хаяг, 5 өөр төсөл менежментийн хэрэгсэл, 10 Slack хуудас мөн зуу зуун нэвтрэх мэдээлэл шаардагдана. 

Уг ажлыг хийж байхад завсарлага авах эсхүл тэр чигт нь холболтоо салгаад орхиж болохгүй. Ялангуяа ямар нэг төслийн ажил эхэлсэн тохиолдолд ажил хэзээ ч дуусдаггүй. Тиймээс хүн өөрөө л өөрийгөө хүчилж, үзэсгэлэнтэй, сонин этгээд газруудад компьютероо унтраах хэрэг гарна. 

Үнэндээ би ажлаасаа завсарлага аваад Тенерифийн арал дээр зургаан сарыг өнгөрүүлээд буцаад ердийн ажилдаа орох хүсэлтэй байсан. Гэвч надад арал дээр үлдэх багахан хүсэл төрж байсны улмаас би өөртөө байршил үл хамаарах виртуал туслах гэх ажлын байрыг бий болгосон. Байнгын үйлчлүүлэгчидтэй болж тогтвортой нөхцөлийг бий болгосныхоо дараа би ажлаа аваад л аялалд гардаг болсон. Мэдээж бусад хувиараа ажил эрхлэгч шиг энэ ажлаар байнгын орлогоо тодорхойлдог болоход хугацаа хэрэгтэй. Одоо ч гэсэн орлого маань хэлбэлзэж эхлэхэд өөрийгөө зөв зүйл хийж байгаа эсэхийг асуух тохиолдол гардаг. Эхэндээ би түрээсийнхээ төлбөрийг төлөхийн тулд нэмэлтээр хичээл заадаг байсан. 

Одоо бол ажлынхаа хажуугаар виртуал туслахуудад зориулсан ажлын нэгдсэн сүлжээ болох өөрийн fernarbeit.net сайт дээрээ өөрийн туршлагыг хуваалцаж, онлайн хичээл заадаг.


Нисгэгч

Дэлхийг тойрч, үүлэн дээгүүр явж гэртээ хүрдэг швед бүсгүй Мария Петтерсон.

Би өглөөний кофегоо үүлэн дээр ууж, наран мандахыг харах дуртай. Онцгүй нь гэвэл өглөө 03:15 цагт сэрэх юм. Гэсэн ч түүнийхээ хариуд мандах нарны цацрагаар шагнагдана. Миний бодлоор аз жаргал хийгээд амжилт нь ижил зүйл шиг санагддаг. Аз жаргал бол орондоо ороод маргаашийн төлөө тэмүүлэх мэдрэмж. 

Эмэгтэй нисгэгч болох хамгийн том шалгуур нь сургалтын дараа байдаг. Би бүх үнэмлэх, батламжаа авчихаад нислэгийн 100 орчим ажлын байранд өөрийн анкетийг явуулсан. Гэвч нэг ч хариу хүлээж аваагүй. Мэдээж хэрэг би ажилд ортлоо бууж өгөөгүй. Мятрашгүй байдал бол гол түлхүүр нь юм. 

Өглөөний 04:00 цагаас өмнө би онгоцны буудал руу явдаг. Бүхээгийн ажилтнуудын нислэгийн төлөвлөгөө хэлэлцэх өрөөнд очмогц би тухайн өдрийн нислэгт шаардагдах материалуудыг хэвлэн авдаг. Дараа нь өөрийн нисгэгчийн электрон тээшээ шинэчилж, бүхий л бүдүүвчид гарын авлагууд болон картууд маань хадгалагдсан эсэхийг шалгадаг. Тэгээд ахмад ирэхэд бид цаасан материалууд, цаг агаарын нарийвчилсан мэдээлэлтэй танилцдаг. Эцэст нь бүхээгийн баг хуралдаж, онгоцоо нисэхэд бэлтгээд өдрийн турш тавигдсан маршрутаар нисдэг. Оройдоо бид өөрсдийн бааздаа эргэн ирнэ. 

Мөн би сошиал медиа идэвхтэй хөтөлдөг. Эхэндээ өөрийн сонирхолын хүрээнд л хийдэг байсан бол дараа нь хөгжүүлж чадвал мөнгө олох боломжтойг мэдсэн. Надад өөрийн туршлагаа зураг, бичлэг, зурвас маягаар бусадтай хуваалцах нь таалагддаг. Миний уриа гэвэл ХЭЗЭЭ Ч БҮҮ БУУЖ ӨГ.


Бүтээлч контент бэлтгэгч

Блоггер, зурагчин, зураач, зураглаач, дэлхийн аварга, олон нийтийн сүлжээн дэх дасгалжуулагч Нина Хюпен Бэстэндок өөрийн мэргэжилд холбогдох зүйлсийг хаанаас л бол хаанаас олж хийж болно. Одоогоор түүний гэр нь Берлинд байрлаж байна.

Аялал намайг аз жаргалтай болгодог. Ирландын шороон замыг машинаар хөндлөн гулд туулахдаа дуулж, Италийн зах дээр сайхан сэтгэлт эмээ нартай ярилцаж, гайхамшигтай үзэсгэлэнт зохицолдоотой газруудыг биширч, нуугдмал гудамжны урлагийн бүтээлүүдийг олж нээнэ. 

Ихэнх хүн намайг бүх цагаа аялахад зарцуулдаг гэж боддог. Гэвч ажлын аялал бол эсрэгээрээ. Заримдаа би нэг өдөрт жирийн аялагчийн 7 хоногт хийж чадахгүй маш олон зүйлийг хийдэг. Бага унтаж, бүхнийг богино хугацаанд харж үздэг. Надад эрч хүчтэй байх нь маш чухал тул би ажил болоод чөлөөт цагаа тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Миний хувьд амжилт жижиг зүйлс байх нь илүүтэй. 

Блог дээрээсээ сайхан сэтгэгдэл олж унших, сэтгэл ханамжтай байгаа үйлчлүүлэгчээсээ шуудан хүлээж авах, эсвэл дэлхийн нөгөө захад нар жаргахыг харах зэрэг нь сайхан. 

Хамгийн том бэрхшээл бол биеэ дааж эхэлсэн эхний жил байсан. Үйлчлүүлэгч олох болов уу, сарын түрээсээ төлж чадах эсэх болон бүх л бичиг баримттай холбоотой тодорхойгүй асуудлууд. Надад хамгийн их тус болсон нь бусад блоггер болоод хамтран ажиллагчидтайгаа харьцуулахад бүтэн жилийн гэрээг нэг их удалгүй байгуулсан нь байсан. 

Миний гэр оффистоо болон аяллын явцад ажиллах ажлын өдрүүд их ялгаатай. Аялахад миний ажлын 90 хувь бичгийн ширээнээс үл хамаардаг бол гэр оффист яг эсрэгээрээ байдаг. Би хаана нь ч байсан хийдэг ажилдаа дасчихсан ч тодорхой төлөвлөгөө дагаж ажилладаггүй. Миний ажил хэтэрхий өргөн хүрээтэй бөгөөд төсөл бүр өөр байдаг. Эрүүл мэндийн хувьд би аль болох тогтмол цагт хооллож, унтаж, дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг.



Эх сурвалж: Glamour DE