Карстэн Тормайлэн бол мэргэжлийн гэрэл зурагчин юм. Тэрбээр алдартай одод, моделиудын зургийг дарахаас илүүтэйгээр 100 болон түүнээс дээш насалсан ахмад настнуудыг хөргийг дурандаа буулгах дуртай нэгэн. Ажлынхаа тухай "Амьдралын сайн сайхан, хэцүү бэрхийг ч даван туулж ирсэн тэр л гоо сайханд нь ямар ч үсчин, нүүр будагч болоод стилист хэрэггүй" гэсэн байдаг. Бид түүний уран бүтээлийн нэгээхэн хэсэг болон хөрөг зургуудын эздийн амьдралын тухайд хэлсэн үнэтэй зөвлөгөө, бяцхан түүхүүдийг нь хүргэхийг зорилоо.

Мариа Тереза Боливар вда де Лерцари: Бүхий л зүйлд эерэг хандлагатай байж, өдөр бүр нэг хундага итали дарс ууж байх хэрэгтэй

Карстэн Тормайлэн Перу улсын Лима хотод 1913 оны 7 дугаар сарын 4-нд төрсөн. Тэдний гэр бүлийн гишүүд бүгд л өндөр насалдгаараа алдартай ажээ. Мариа Терезагийн ээж нь л гэхэд 104 насандаа тэнгэрт одсон юм. Хэрэв та түүнээс хэрхэн ийнхүү урт удаан амьдарч байгааг нь асууваас, түүний зөвлөгөө нь бүхий л зүйлд эерэг хандлагатай байж, өдөр бүр нэг хундага итали дарс ууж байх хэрэгтэй гэнэ. 


Мариа Тереза нь өмнөд европын соёл хийгээд амьдралын хэв маягт үнэхээр татагдсан нэгэн бөгөөд тиймдээ ч итали залуутай ханилан 39 жил гэр бүл болон амьдарсан юм. Харамсалтай нь түүний нөхөр өөд болоод 35 жил болж байгаа гэнэ. Гэсэн ч Мариа нөхрөө өдөр бүр санадаг гэдгээ хэлжээ. Эдүгээ тэрээр өөрийн 80 настай дүү Консуэлотой цэцэрлэгээр алхах, хоол хийх дуртай. Түүний залуу үеийнхэнд өгөх зөвлөгөө нь "Хэзээ ч амь сорьсон зүйл бүү хий" юм.

Кийчиэро Накажима:  Үргэлж ном уншихад цаг гаргадаг 

Карстэн Тормайлэн Япон улсын Хоккайдод 1914 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Кийчиэро үргэлж л инээмсэглэж байдаг нэгэн юм. Түүний ач зээ нь эргэн тойронд нь байх үед тэр бүр л тод мишээн зогсоно. Хэдий туулж өнгөрүүлсэн амьдрал нь хялбар байгаагүй ч тэр мишээсээр л байх юм. Залуудаа загасчин байсан тэр аавынхаа зөвлөснөөр Муроран гэх хотод төмрийн олборлогчоор ажиллах болжээ. 


Хүнд хэцүү ажлын хажуугаар тэр үргэлж ном уншихад цаг гаргадаг байсан бөгөөд одоо ч онц сайн санах ойтойгоороо онгирон байдаг гэнэ. Тэр олон жилийн өмнө болоод өнгөрсөн зүйлсээ ч маш тодоор санадаг ажээ. Мөн Кийчиэро одоо ч гэсэн өөртөө арчаатай нэгэн ба гутал нь шинэ мэт л өнгөлөг явна.

Др.Оливиа Хүүкэр: Суралцахуйн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөө ажилласан

Карстэн Тормайлэн АНУ-ын Оклахома мужид 1915 оны 2 дугаар сарын 12-нд төрсөн. Түүнийг дөнгөж 6 настай байхад ККК буюу Кю Клакс Клан хэмээх террорист бүлэг түүний гэрт дайрч орон хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байжээ. Оливиагийн хэлж байгаагаар "Би одоо ч тэднийг яагаад бяцхан охины хувцас, хүүхэлдэйг шатаасан учрыг ойлгодоггүй. Тэдний тэр л хорлон сүйтгэх үйлдэл намайг үнэхээр их айлгасан бөгөөд би хэвийн байдалдаа ороход өчнөөн хугацаа зарцуулсан" гэжээ. 


1940 онд тэрээр АНУ-ын армид үүрэг гүйцэтгэх болсон анхны өнгөт арьстан бүсгүйчүүдийн нэг болжээ. Тийнхүү 1961 онд Рочестерийн их сургуульд сэтгэлзүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд олон жилийн турш суралцахуйн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөө ажилласан байна. Намайг түүний гэрт зочлоход түүний гэрийн нэг хана бүхэлдээ диплом, үе үеийн ерөнхийлөгчдөөс түүнд хаяглагдсан мэндчилгээний хуудсаар дүүрэн байсан юм. "Би одоо ч жагсаалд алхаж чадахаа байж дээ. Гэхдээ улс орныхоо төлөө чулуун орон дээр унтах ямар болохыг би мэднэ. Гэсэн ч үүрэг хүлээсэн л бол гүйцэтгэх ёстой. Дэлхий ертөнц манай улсыг ажигласаар л байгаа хойно доо" хэмээжээ. 

Киёо Арагай:  Харуусал, гомдоллох зүйл үгүй

Киёо Арагай нь Япон улсын Хоккайдод 1914 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн. Киёо гайхалтай сайхан хүүхэд насыг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч хэрүүл маргаангүй аз жаргалтай гэрлэлтийг цогцлоож чадсан. Тэр өөрийнхөө хоол сайн хийдэг болоход нөлөөлсөн нөхөртөө талархахыг хүсдгээ хэлсэн ба нөхрийнх нь амтлах чадвар хийгээд амттай хоолонд үнэхээр дуртай байсан нь түүнийг үргэлж гоё хоол хийх шалтгаан болдог байжээ. Тэр нөхөртэйгөө үргэлж аялалаар явдаг байснаа дурсахдаа одоо түүнд ямар ч харуусал, гомдоллох зүйл үгүй гэдгээ ч хэлсэн юм. Тэр л байдал нь түүний урт насалж буйн шалтгаан юм болов уу хэмээн асуухад Киёо "Би өөрөө ч сайн мэдэхгүй юм" хэмээжээ. 



Эх сурвалж: Positive.News