Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт (AFIS) Улаанбаатар хотноо ирэх сарын 2-нд болох гэж байна. Дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтыг Монголын ипотекийн корпораци (МИК ОССК) нь Барилга, Хот байгуулалтын яам (БХБЯ), Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулах юм.

МИК ОССК нь 2017 онд Индонезийн Бали аралд болсон Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны дөрөв дэх удаагийн чуулганы үеэр уг нэр хүндтэй, дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.

Дэлхийн олон оронд иргэдээ орон сууцжуулах бодлого нь Төр засгийн дэмжлэгтэй урагшилдаг. Харин Монгол Улсад нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ хөтөлбөрийг МИК ОССК хувийн хэвшлийн санаачилга дор, төр засагт аль болох дарамт учруулахгүй шийдэхээр зорьж байна. Ингэснээр орчин цагийн хотжилт, нийгмийн дундаж давхарга бүрэлдэн тогтоход үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.

Энэхүү чуулга уулзалт нь "Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд" сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвүүдээр үргэлжлэх юм. Мөн бүс нутгийн болон олон улсын орон сууцны бодлого, шилдэг туршлагуудыг хуваалцаж, орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн үүрэг оролцоо, түүний дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг хөндөх ажээ.