Workcentral Mongolia хамтын оффисын үүсгэн байгуулагчдын нэг Око буюу Бат-Октябрь хамт ажилладаг хүмүүстээ, багийнхандаа дараах зөвлөмжийг өгч багт хэрэгтэй хүн байх гэдэг юу болохыг, түүний тулд яах хэрэгтэй тухай өөрийн туршлага дээр үндэслэн өгч буй зөвлөгөөнөөс хуваалцъя. Энэхүү зөвлөгөөг Benzeen Gamma ТВ-ээр долоо хоног бүр гарааны бизнес, энтрепренерүүдэд зориулан хүргэдэг “Live With Oko” нэвтрүүлгийн #59 дэх дугаараас авсан юм. 

Багт байх ёстой гурван дүрмийн хоёрыг нь дурьдсан нь:

  1. Idea meritocracy буюу санаан дээр суурилсан, хамгийн шилдэг санааны төлөө санаагаа уралдуулах, мэтгэлцэх. Санаа гаргах явцад, эсвэл ямарваа санаа гараад түүнийгээ хэрэгжүүлэх явцад хэн нэгний буруу, эсвэл зөв гэхээсээ илүү тухайн санааны зөв бурууг ярилцах нь хамгийн эрүүл багийн харилцааг бий болгодог. 
  2. Суурь үнэн, суурь ил тод байдал 

Багийнхан бие биетэйгээ хаалтгүй, нээлттэй харилцах хэрэгтэй. Багийн аль ч гишүүн, хэн ч бай бие биедээ сул талаа харуулах нь үнэнч харилцааны суурь болж өгдөг. Хүний нөөцөд оруулж буй зөв хөрөнгө оруулалт урт хугацааны турш үр өгөөж, үнэ цэнээ өгдөг. Энэхүү багийн дүрмийн тухай лайв бичлэгийг бүрэн эхээр нь холбоосоор орж үзээрэй. 



ТУСГАЙ БИЧВЭР: Манай багийн соёл

Одоогоос 4 сар хагасын өмнө шинэ хамт олонтой болж, хамгийн өндөр эрсдэлтэй атлаа хамгийн бүтээлч, хамгийн инновацилаг, би биш бид оршин тогтнох чадвартай салбарт хөл тавьсан юм. Хэн өөртөө, багтаа итгэнэ, хэн их хөдөлмөрлөнө, хэн тууштай байна, хэн сэргэлэн бас алсын хараа сайтай байна, тэр л “амьд үлддэг” бизнесийн салбарт ажиллана гэж өөрийгөө гуравхан жилийн өмнө төсөөлсөнгүй явсан юм.

Бизнес гэж яг юу вэ? Домогт Стив Жобс, Жак Ма, Хенри Форд, Коко Шанел нарын намтар түүх дээр гардаг тэр бизнесийн ертөнц үнэхээр тийм ярвигтай атлаа өрсөлдөөнтэй, “салахын аргагүй амттай”, хүний 13 мэх байтугайг шаарддаг зүйл үү? Орших уу? эс оршихуйн тулаан юм уу? Үүнээс ч илүүтэй өөрийнхөө тухай өөрийн бодлыг батлах, эсвэл үгүйсгэхийг хүссэн учраас туршаад л үзье гэж нэг их эргэлзэлгүй @Workcentral Mongolia гэх хамтын оффисын хотлын менежрээр ажиллаж эхлэв. 

Зүүн гар талаас Стив Монро- Бали дахь анхны, дэлхийн шилдэг 10 хамтын оффисын нэг HUBUD-ийн үүсгэн байгуулагч, Workcentral Mongolia хамтын оффисын үүсгэн байгуулагч Г.Маналжав, Workcentral Mongolia хамтын оффисын эвент хариуцсан ажилтан О.Төрмөнх, Workcentral Mongolia хамтын оффисын хамтран үүсгэн байгуулагч Око D, Г.Учрал миний бие, Workcentral Mongolia-ийн санхүүч М.Энхсайхан, Тайландын анхны, №1 хамтын оффисын үүсгэн байгуулаг Amarit буюу Амараа нар 2018 оны 5 дугаар сарын 12-нд зохион байгуулагдсан Como Unconference 2018-ийн дараа 5 хүрэхгүй сарын хугацаанд ажилдаа ямар хурдан дурлаж байна? Гайгүй байгаа?

Үнэн хэрэгтээ би Workcentral Mongolia хамтын оффисыг анх үүд хаалгаа нээснээс хойш л эргэлдсэн л дээ. Хамтын оффисын соёл, уур амьсгал сонирхолтой санагдаж, тэнд байгаа компани, хүн бүхнээс сурах зүйл дэндүү их байсан учраас тэр.

2017 оны 9 сарын 5-нд нээлтээ хийснээс нь хойш нь “тавилга” болох нь холгүй байсаар дасаж орхисон байх л даа. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг энэ байшин дотор л байвал илүү их зүйл ойлгоод, сураад байх шиг, байшин дотор сууж байгаад л шинэ танилтай болоод байсан нь, оффис дотроо байж байгаад кофе шопын кофеноос дутахааргүй амттай боргол зооглоно, кино театрынх шиг том дэлгэцээр “гэр бүлээрээ” сууж байгаад кино үзчихнэ, Ази Номхон Далайн Бүсийн, дэлхийн шилдэг үүсгэн байгуулагчид, CEO, менторуудтай уулзчихна гээд яагаад ч юм тэндээс авсан зүйл дэндүү их учраас надад өгөх зүйл юу билээ гэж өөрийн эрхгүй бодож эхэлсэн.


Манай баг - хамт олон

Гурван үүсгэн байгуулагч, тэдний нэг нь CEO, нэг санхүүч, төсөл хариуцсан ажилтан, нэг эвент хариуцсан ажилтай, тэгээд би, манай хоёр дадлагажигч, үйлчлэгч эгч гээд бид хэд цомхон. Цөөхүүлээ цөөддөггүй, өгсөн нэр аддресс нь л нэг болохоос нэг хүн 3 ба түүнээс олон ажил хийнэ. Энэ хамгийн сонирхолтой хэсэг нь.

Манай үүсгэн байгуулагчдын нэг Oko D Сингапур улсад АНУ-ын хөрөнгө оруулалтын Techstars компанийн Ази Номхон Далай Хариуцсан захирлаар ажиллана. Сингапураас бидэнтэй алсын зайнаас харилцана. Групп чатны nickname нь Social mentor. Око ах Зүүн Азийн гарааны бизнесийн эко системийг хөгжлүүлэлцээд явж байгаа салбарын арвин туршлагатай хүн. Түүнээс бид ажлын тал дээр зөвлөгөө чиглүүлэг авдаг, бас хувь хүн талаасаа өөрийгөө цаг тутам хөгжүүлж, суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн учраас тэр эрч хүчээсээ бидэнтэй хуваалцахад нь, сайхан ярилцдагт нь бид дуртай.

Сайхан Монгол залуу Тэрэлжид цуврал №1

Манай нөгөө үүсгэн байгуулагч Г.Маналжав, хүмүүс Манлай гэдэг нэрээр нь сайн мэддэг залуу анх намайг энэ хамт олонтой танилцуулсан, миний талархаж явдаг, хүндэлдэг хүмүүсийн нэг юм. Нэгэнтээ түүнийг төрөлхийн энтрепренер гэж хэн нэгэн хэлэхэд шууд санал нийлж билээ. Санаачлагатай, хүчирхэг, хүнлэг, сайхан сэтгэлтэй, чадварлаг зэрэг хувь хүний авууштай зан чанаруудаас гадна туршлагатай энтрепренер тэрээр энэ байгууллагыг үүсгэн байгуулахын тулд хөлөө хүрэх газар хүртэл явсан чухал хүмүүсийн нэг билээ.

Жирийн Монгол залуу Тайландад нэг удаа

CEO- Б.Батбаатар бол өөдрөг, өөртөө итгэлтэй, харилцааны ур чадвар сайтай, хуучин бууны хугархай гэж болох хүн. Яагаад хуучин бууны хугархай гэж үү? Ноён зууч 1950-ийг анх үүсгэн байгуулагдахаас ажиллаж явсан, уламжлалт байгууллагын тогоонд хар залуугаасаа чанагдсан, гарааны бизнесийн салбарт нь сүүлийн 6,7 жил ажиллаж яваа туршлагатай удирдагч. Багтайгаа ойр байж, тэдэнтэй ярилцдаг, нээлттэй байдаг тэрээр өмнөх түүхүүдээ ярихад нь бид шимтэн сонсдог болоод ч тэр үү, шууд л хуучин бууны хугархай хэмээн нэр толгойд орж ирэх нь тэр. Групп чатны nickname нь Fluent English.


Жирийн Монгол залуу Батбаатар Тэрэлжид хэдэн удаа №2

Тэгээд манай 10 гартай, 10 хөлтэй юм уу гэмээр Энхсайхан маань байна. Энэ бүсгүй Workcentral Mongolia-ийн паркетан шалыг цемент байхаас л бидэнтэй хамт байсан хүн бөгөөд амжуулдаг ажил тун их, хааяа өөрийгөө оронд нь тавиад үзэхээр өөрийн эрхгүй “толгой сэгсэрмээр” санагддаг ажилтай нэгэн. Манай хүн дуу цөөтэй, нэг тэсэрвэл тэ, бас л нилээн хүч хөдөлмөр гаргаж байж тайвшруулна. Групп чатны хоч нь Daesy Eku.


Дээлтэй Монголчууд, дээлтэй Workcentralчууд

Гөөтий гэж 18-хан настай залуу манайд эхлээд сайн дурын ажилтан байсан бол одоо орон тооны ажилтан, том залуу болжээ. Санхүү эдийн засгийн сургуульд маркетингаар сурдаг Төрмөнхийг Төөгий гэж дуудна, манай захирал хааяа Гөөтий гэх юм билээ. Над бас энэ нэр нь таалагдаад байдаг юм. Түүнээс шинэ, соргог санаа, санаачлага их гарна. “Цэг таслал тавиач ээ” гэдэг яриа бид хоёрын дунд их өрнөнө.


Эндээс дээлгүй Монголчуудын зураг эхэлнэ

Манайд гадны байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хариуцаж ажилладаг Тоогоо буюу Д.Баттогтох маань анх харвал сүрдэхээр төв царайтай нэгэн боловч нүүр хагараад ирвэл яриа хөөрөөтэй, олон талын, тэр дундаа IT талын мэдлэг, мэдээлэл ихтэй, хөгжилтэй, өөрийнхөөрөө байж чаддаг. Ажлыг тун ч няхуур, нямбай, чин сэтгэлээсээ хийдэг байдлаас нь суралцмаар. Бүх зүйлд өөриймсөг ханддаг тэрээр анх ажилд орчихоод шал угаагаад байсан хүн дээ. Тийм дээ, манай оффис бидний гэрээс өөрцгүй. Тэр үед манайх үйлчлэгчгүй болоод бид хэд өөрсдөө хэд хоног оффисоо цэвэрлэж билээ. Хамгийн идэвхитэй цэвэрлэгээ хийсэн хүмүүсийн нэг Тоогоо байв.


Дээлгүй, нүүр зураггүй Монгол хүн

Манай хоёр дадлагажигч манайхыг л гэж зорьж ирсэн мундаг охид бий. Нэг нь @Workcentral Mongolia-д л дадлагаа хийх гэж Солонгосоос их сургуулийн тушаалаа бариад хүрээд ирсэн, нөгөө нь надруу тууштай нь аргагүй чат бичсээр байгаад ирсэн юм даа. Одоо хийх, сурах, амжуулах ажил ихтэй завгүй яваа. Дадлагын хөтөлбөрийн тухай дараа жич бичих болноо.


Ийм хөөрхөн охидууд байна. Мөнхчимэг, Солонго нар

Үйлчлэгч эгч маань манай оффисын хоёр жижигхээн хүний нэг. Нэг нь би, нэг нь манай эгч. Инээгээд л за гээд гүйгээд байдаг, өөрөөсөө залуу хүмүүс өөрт нь тэгээрэй ингээрэй гээд байнга хэлээд байвал эгчийн насныхан бол эгдүүцнэ байх. Манай эгчид тийм юм байхгүй. Ажил бол ажил. Амралтын цагаараа Фэйсбүүк орчихоод л хүүхдүүдийнхээ зургийг үзүүлдэг юм. Ээж нь нүүрэндээ инээмсэглэл тодруулж, бахархал, хайр дүүрэн ярихыг бодоход мундаг үрс байдаг байх аа.


Нөхөөстэй дугуй Фордыг чимнэ

Дээр дурьдсан хүмүүс манай баг. Хийж байгаа ажлаасаа илүүтэй би энэ хүмүүст хайртай. Энэ хайр л намайг “мөрөөдөл зорилгодоо үнэнч” элчин сайд болох замаас минь хазайлгаж чадсан юм. Зөв цагтаа, зөв газраа хальтарсан хөөн. Дараагийн төлөвлөгөө хүртэл зай ч байна, сурах, хийх, өөрийгөө сорих зүйл дэндүү их байна. Ажиллаад байж дээ.

Зөв санагдсан газраа, чамаар дутахгүй ч чамайг байгаад баяртай байдаг, зөв бурууг чинь шударгаар хэлж чаддаг, засч аваад цааш явдаг, үргэлж хөгжих, илүү сайн байхыг сануулдаг тэр орчинд ажиллавал сайхан шүү. Ийм мэдрэмж өгдөг газрыг олох тийм амар биш ч бас боломжгүй зүйл ерөөсөө биш. Гэрэлтэж, гялтганасан сайхан газрыг хайж, “алтанд умбах” мэт байхыг хүсэхийн оронд чадахаараа байгаа газраа гэрэлтүүлээд, сайн сайхан бүхнээ зориулаад өөрийн гэсэн үнэ цэнэтэй “ертөнцийг” байгаа газраа бүтээх нь илүү дээр гэж боддог.

Тийм ч учраас би энд байна, байгаа газраа бусдынхаа хамтаар илүү дээр байлгахыг, гэрэлтүүлэхийг хичээн “нэг” зүгт харан ажилласаар. Хагарсан дугуйгаа нөхөж аваад цааш явдаг багийнхандаа энэ дашрамд, эрүүлдээ хайртай жүү гэж хэлмээр байна. :D

Энэхүү блогийг багийнхандаа наадмын дараа намар, одоо хэдүүлэнд нь хийх ажил их, шинэ сорилтууд, нөхцөл байдал хүлээж байгаа болохоор ХИЧЭЭЦГЭЭЕ, хэдүүлээ чадна аа хэмээн зориуллаа.


Багийнхаа хурал, retreat-ийг жил бүрийн Playtime music festival дээр хийсэн нь. Дараа жилийн наадмаар 3 хоногоор “хүч үзэх” төлөвтэй байна, манайхан. Stupid Turbo: Г.Учрал (Жич: Энэ хочыг манай Fluent English өгсөн бөгөөд Монголоор Огцом Тэнэгтэлт гэж орчуулагдахыг, зохиогчийн эрхтэй болохыг анхаарна уу? :P )