Багш нарын цалин нэмүүлэх шаардлагад Засгийн газраас тодорхой шийдтэй хариу өгөөгүй учир сургууль цэцэрлэгийн багш нар өнөөдөр сануулах ажил хаялт зарлан, сурагчдад хичээл орохгүй байгаа. Энэ талаар "Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав "Багш нарын цалинг тодорхой үе шаттайгаар нэмж 1.6 сая төгрөг болгохыг Засгийн газраас шаардсан. Гэвч 30 хувиар нэмэх асуудлыг судалж үзнэ гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. Хэзээ, хэрхэн нэмэх нь тодорхойгүй ийм үл бүтэх хариуг бид хүлээж авахгүй. Өнөөдөр Монголын нэг багш 35 хүүхдэд хүрч ажиллах журамтай. Гэвч бодит байдал дээр 70 хүүхэдтэй ажилладаг. Энэ нь хүүхдийн сурч хүмүүжих нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Учир нь Засгийн газрын зөв бодлого байхгүйгээс багшлах хүсэлтэй хүмүүс ховордсон. Өөрөөр хэлбэл багшийн цалин маш бага тул хүмүүс өндөр цалинтай өөр ажил хийхийг зорьж байна. Үүнээс болж багш гэдэг мэргэжлийн үнэ цэнэ улам буурч байна. Тиймээс бид тодорхой шийдэлд хүртлээ тэмцэнэ. Сануулах ажил хаялт зарласнаар Засгийн газраас хариу өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана. Цаашлаад Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран арбитрын шүүхэд хандана" гэв.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 867 ерөнхий боловсролын сургуулиас 286 нь, 654 цэцэрлэгээс 366 нь ажил хаялтад хамрагджээ.  Харин нийслэлийн хэмжээнд бүх сургуулийн 65 хувь, цэцэрлэгүүдийн 33 хувь нь цалин нэмүүлэхээр ажил хаялт зарласан байна. Орон нутгийн зарим сургууль, цэцэрлэг мэдээллээ ирүүлж амжаагүй байгаа учир ажил хаялт зарласан сургуулиудын тоо нэмэгдэнэ гэдгийг  тус хорооныхон хэллээ.