ХНХЯ-с багш нарын ажил хаялт хууль ёсных байж чадаж байгаа эсэх дээр тайлбар хүргэж байна.


Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалттай зөрчилдөж байна. 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг байгуулсан. Нэмэлт хэлэлцээрийн 3.2 дахь хэсгийн 8-д заасны дагуу инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Олон Улсын Валютын сантай хэлэлцээрээ үргэлжлүүлэх  үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ үүргээ биелүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг 8,0 хувиар нэмэгдүүлж, бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг шинэчилснээр цалинг 12.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Гэвч Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбартай  хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар “хөдөлмөрийн хамтын маргаан” гэдэг нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгоно. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь улсын нэмэлт хэлэлцээ хийх үйл явцад оролцсон боловч нэмэлт хэлэлцээрттус холбоог төлөөлсөн Ж.Батзориг гарын үсэг зураагүй тул хэлэлцээрийн тал гэж үзэх үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг үндэслэн Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаях хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны  үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн 2.13-т “Инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн хүрээнд хүргүүлнэ” гэж заасан байна. Гэвч уг хэлэлцээрээр тохирсноос давж “Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300.000 төгрөгийг аравдугаар сараас өмнө олгох,Засгийн газраас гаргасан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг өөрчилж, боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэх”шаардлага тавьжажил хаялт зохион байгуулахаар шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.3-т заасны дагуу хууль бус ажил хаялтад тооцох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. Хэрэв ажилтны төлөөлөгчидхамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн бол маргаанд оролцогч талд мэдэгдэж, хөдөлмөрийн зуучлагч болон хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлсний дараа хамтын маргаан шийдвэрлэх эцсийн арга хэмжээ болгож ажил хаялт зохион байгуулах эрх үүсдэг. 

Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбартай  хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 115, 116, 117, 118 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын зохион байгуулж буй ажил хаялтыг хууль бус ажил хаялтад тооцуулахаар шүүхэд хандах нөхцөл бүрдээд байна.