Хойд Солонгосын цөмийн бөмбөг турших бүсийн ойролцоо хоёр чичиргээ мэдрэгдсэн гэж БНСУ-ын цаг уурын агентлагаас мэдээлэв. Үүний шалтгаан нь энэ сарын эхээр хийсэн цөмийн бөмбөгийн туршилт гэж эрдэмтэд үзэж байна. Японы шинжээчид ч ижил мэдэгдэл хийж “Ойролцоогоор 2.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” хэмээлээ.

Газар хөдлөлтийн төв Хойд Солонгосын зүүн хойд нутагт байрлах цөмийн бөмбөгийн туршилтын бүс Пунгё-Ригээс зургаан километрийн зайд байжээ. Харин гүн нь хоёр километр орчим байсан гэв. 

Цаг уурчид дээрх хоёр чичирхийлэл цөмийн бөмбөгийн туршилтаас үүдсэн байгалийн “хямрал” хэмээн үзэж буй. Эрдэмтдийн таамаглал зөв бол ирэх долоо хоногуудад газар хөдлөлт дахин болох ажээ.