Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад Чех улсын мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой   “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн I шатыг Монгол улсад хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 21 аймгийн байгалийн бохирдлыг тодорхойлох, бохирдлын эрсдэлийн төвшинг тогтоох, мөн бохирдлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг хийсэн байна. Улмаар цуглуулсан мэдээллүүдийн үндсэн дээр бохирдсон бүс нутгуудад тохирох загвар ажлуудын жишээг боловсруулахад хөтлөх II шатыг өнгөрсөн оны 2-р сард эхлүүлжээ. Төслийн II шатны хэрэгжилт, үйл явцын талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буйн тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Чех улсын мэргэжилтнүүдийн зүгээс сонгогдсон 3 объектийн 2 нь  хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ.  Тиймээс чех мэргэжилтнүүд газар нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд болон мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.