Шөнөдөө эрчим хүчээ  хойд хөрш рүү хий урсгаж өдрийн их ачааллын цагаар чамгүй үнэ төлж цахилгаан худалдаж авдаг асуудлаа  шийдэх уг нь тийм хэцүү  биш. Сэлэнгэ мөрөн дээрээ усан цахилгаан станц барьчихад л болоод явчихна гэж эрчим хүчний салбарынхан ярьдаг. Усан цахилгаан станц ажиллуулаад эхэлбэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авахгүйгээр амар жимэр аж төрөх боломжтой атал  Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц яагаад ч юм өдий хүртэл баригдаагүй л байна. Хөдөлж өгдөггүй шалтгааныг нь  өнгөц харахаар тун энгийн. Хойд хөрш Сэлэнгэ мөрөн дээр ямар нэг барилга байгууламж баривал Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гээд хөдөлж өгдөггүй. 

Байгаль нуурт дельта гэж хэсэг бий. Нуурын ихэнх ургамал амьтны үржил нь явагддаг газар гээд ойлгочихож болно. Бүдүүн тоймоор  хэлбэл нуурын төвшин багасч ихэсч байгааг энэ хэсгээр багцаалддаг.  Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц баривал нуурын усны төвшин дээд тал нь нэг см-ээр  буурна, тэгэхээр сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Орос, Монголын эрдэмтэд тоотой, баримттайгаар тайлбарладаг.  Өөр нэг тоо хэлье. Хойд хөршийнхний хамгаалаад байдаг нуурын төвшин нэг метрээр буурчихаж.  Манай улс усан цахилгаан станцаа бариагүй учраас  дотоодынх нь нөлөөгөөр буурсан гэсэн үг.  Нуурын усны төвшин буурчихна гэж хөрш улсаа “бойкот”-лож станц бариулахгүй байгаа оросууд нуураа хамгаалахгүй өнөөг хүрснийг энэ тооноос харчихаж болно. 

Төвшнөө нэг метрээр  алдчихсан нуурыг тойроод битүү ой хөвч бий. Нуурын төвшин буурахаар моддын үндэстэй хэсэг хатаж газар доогуур түймэр дэгддэг юм байна. Хөрсөн доорх үндэс хөвд шатаж дуустал асдаг айхавтар түймэр. Шатсан газрын тоо хэдэн сая гектараар яригддаг. Ийм түймрийн дараа модод  шатаад үнс нурам болдоггүй, харин ч маш сайн хатаалтанд орж мод бэлтгэлийг зардал багатай хийх аятайхан далим болдог аж. Тун аятайхан бизнес гэсэн тэр хавийнханы жиг жуг яринаас  нуурын төвшнийг багасгах өөр шалтгаан бий гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болж байна. 


Хаанаас санхүүждэг нь тодорхойгүй иргэний хөдөлгөөнийхөн

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц бариулахгүй гэж чанга дуугардаг хүмүүс нь Байгаль нуур хавьцаах буриадууд. Боловсрол нимгэн, экологийн чиглэлийн мэдлэггүй нь үг ярианаас нь тод анзаарагддаг.  Зөвхөн энэ асуудлаар ярьдаг тэмцдэг төрийн бус байгууллага ч бий.  Байгууллагынх нь санхүүжилт хаанаас гэдэг нь харин тодорхойгүй. Өнөөг хүртэл амь бөхтэй оршоод байгааг бодоход нэлээд том ар талтай гэдэг нь ойлгомжтой. Иргэний нийгмийнхэн дунд экологийн чигийн мэдлэгтэй хүн байдаггүй гэж учир мэдэх улс хэлдэг. Эгийн гол, Шүрэнгийн станц барихыг  эсэргүүцдэг “Бурятское региональное объединение по Байкалу”  гэсэн нэртэй байгууллагыг тэргүүлдэг Сергей Шабхаев гэхэд л Буриадын их сургуулийн математикийн багш. Оюутны байранд амьдардаг олон хүүхэдтэй багш Байгаль нуурыг хамгаалж дуугарч эхэлснээсээ хойш гурван өрөө байр авч, тун дажгүй амьдарч байгаа тухай ойр тойрных нь улс ярьцгаадаг аж.  Сүүлд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн тогтсон орлого, сурсан сургуульгүй бүлэг залуус Монголд усан цахилгаан станц барих боломжийн тухай танилцуулга уулзалт болгоныг үймүүлдэг болжээ.  


Нөлөөгөө бодсон  Кремль

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцдэг Төрийн бус байгууллагын удирдлагад нь улстөрчдийн нэр дуулддаг. Буриадын хурлын депутатаас эхлээд томчуудын нэрс  цөөнгүй бий. Тэдний хэлхээ холбоог хөөгөөд харвал Төрийн ДУМ хүрч ч магадгүй.  Ухаад бодвол Эгийн голын усан цахилгаан станцыг хойд хөршөөс эсэргүүцээд унасан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай хамааралтай байхыг үгүйсгэх аргагүй. Мэдээж наана, цаана  нь Төрийн ДУМ-д Буриадаас нэр дэвших энэ тэр гээд багагүй шалтгаан байгаа. Иргэний нийгмээр халхавчлаад Кремлээс “Монголыг усан цахилгаан станцтай болгохгүй” гэж дохиурдаад байдаг юм биш биз гэж хардаж болохоор ч олон баримт бий. Монголд усан цахилгаан станц барихыг ил тод эсэргүүцдэг Михаил Викторович Слипенчук гэхэд л Төрийн ДУМ-ын депутат байсан, өдгөө нэлээд бийлэгжүү нэгэн. Тэгэхээр хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монголд баригдах усан цахилгаан станцуудын талаар илүү тодорхой мэдээлэл дуулдаж магадгүй юм. Хойд хөршөөс хамаатай хоёр зүйлийн нэг нь шатахуун, нөгөө нь цахилгаан эрчим хүч. Сүүлийн үед хийгээр Монголыг хангах тухай яриа шийдвэр гаргах төвшнийх нь цөөвтөр хүний амнаас дуулдаж болсон. Тэгэхээр усан цахилгаан станцгүй аж төрж яваагийн цаана хөршдөө үзүүлэх нөлөөгөө алдахгүй гэсэн Кремлийн сонирхол, санаа  байхыг шууд үгүйсгэх аргагүй. Хөрш улсаа үгэндээ оруулах хэрэгсэлтэй байна гэдэг аль ч орны гадаад бодлогод байх л ёстой зүйл.


Олег Дерипаскагийн унацтай бизнес

Усан цахилгаан станцыг уяад байгаа хамгийн том, бодитой шалтгаан нь Монголд нийлүүлдэг цахилгааны бизнес. Өмнө нь  Улаан-Үүдэд төвтэй “Бурятия энергия Байкала” гэдэг байгууллага манай улсад цахилгаан нийлүүлж байсан бол өдгөө “Интер РАО” хэмээх  арилжааны байгууллага Монголд цахилгаан нийлүүлж байна. Цахилгаанаа авдаг газар нь 100 хувь хувийн өмчийн “Иркутск энергия”. Оросын эрчим хүчний системүүдээс анхны бөгөд одоохондоо ганцаараа байгаа 100 хувь хувийн өмч. Бүр тодруулж хэлбэл В.Путины ойрын хүн гэгддэг тэрбумтан Олег Дерипаскагийн өмч. Энэ компанийн хувьд цахилгааны чадлын нэлээд илүүдэлтэй. Хувьцаа эзэмшигчдийнх нь хэлснээр  500-600 МВт чадал зогсч байдаг аж. Гэсэн хэр нь сүүлийн үед чадлаа нэмсээр байгаа. Байгаль нуураас цааш Хойд мөсөн далай руу чиглэсэн Ангара гэж гол бий. Ангар мөрөн дээр Эрхүүгийн цахилгаан станц, цаана нь  дөрвөн ч  цахилгаан станц ажилладаг. “Иркутск энергия”-гийн  хүчин чадал нь  12.7 гегават. Манай улсын системийн чадлаас арав гаруй том аварга чадал гэсэн үг. Товчхондоо ОХУ-ын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг систем.  Оростоо цахилгаанаа маш хямд зардаг бол Буриад руу гурав дахин, манай улсад бүр ес дахин өссөн үнээр эрчим хүчээ худалддаг. “Иркуткс энергия”-гийн хувьд Монгол жижиг зах зээл ч цахилгаанаа үнэтэй зардаг, хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдэх дажгүй зах зээл. Тэгэхээр Путины ойрын хүн гэгддэг тэрбумтны бизнесээ хамгаалах сонирхол, нөлөө Байгаль нуурын төлөөх эсэргүүцлийн цаана байж мэдэх л юм.